УИХ-ын гишүүн С.Ганбаатар өөрт холбогдох хэргийн яллах дүгнэлтийг өнөөдөр гардан авчээ

УИХ-ын гишүүн С.Ганбаатар өөрт холбогдох хэргийн яллах дүгнэлтийг өнөөдөр гардан авчээ

"Босоо" гэх УИХ-ын гишүүн С.Ганбаатар өөрт холбогдох хэргийнхээ "яллах дүгнэлт"-тэй танилцахгүй хуулийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулаад байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тодруулбал, С.Ганбаатарт холбогдох хэргийг АТГ-аас шалгаж дуусаад, өнгөрсөн наймдугаар сард хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байдаг. Улмаар Нийслэлийн прокурорын газраас С.Ганбаатарт холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйл буюу Нийтийн албан тушаалтан хахууль авах, 22.10 дугаар зүйл буюу Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, 18.6 дугаар зүйл буюу Мөнгө угаах гэсэн зүйл ангиар яллаж, хэргийг шүүхэд шилжүүлэхэд бэлэн болоод байгаа. Гэсэн тэрбээр "яллах дүгнэлт"-тэйгээ танилцахгүй байсан тул АТГ-ын мөрдөгчид түүнд прокурорын мэдэгдэх хуудсыг гардуулахаар Төрийн ордонд хүртэл очсон байдаг. 

Энэ талаар Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах албаны хяналт тавих хоёрдугаар хэлтсийн дарга, ахлах прокурор Г.Гэрэлтуяа "Мөрдөх байгууллагаас прокурорын яллах дүгнэлтийг танилцуулахаар олон удаа дуудсан ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй.

Мөн прокурорын мэдэгдэх хуудсаар дуудсан ч хүрэлцэн ирээгүй. Тиймээс прокурорын яллах дүгнэлтийг гардуулах зорилгоор прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг түүнд гурван удаа хүргүүлсэн ч мөн л хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос прокурорын шийдвэрийг танилцуулах зорилгоор 2025 оны есдүгээр сарын 19-ны өдөр хуулийн дагуу дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг үйлдээд түүнд хүргүүлэхийг мөрдөгчид даалгасан. Үүний дагуу мөрдөх байгууллагаас прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хүргүүлэх ажиллагааг хэрэгжүүлж, өнгөрсөн баасан гарагт энэ ажиллагаа явагдсан" гэдгийг тодотгож байсан юм. 

Тэгвэл УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр /2025.09.24/ Нийслэлийн прокурорын газарт очиж, өөрт холбогдох хэргийн яллах дүгнэлттээ гардан авсан байна. Ингэснээр прокуророос С.Ганбаатарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх боломжтой болж байгаа юм.