Ө.Батзул агсны амь насаа алдсан хэргийн хохирлыг шүүхээс 102.5 сая төгрөг хэмээн тогтоожээ

Ө.Батзул агсны амь насаа алдсан хэргийн хохирлыг шүүхээс 102.5 сая төгрөг хэмээн тогтоожээ

Ө.Батзул агсны амь нас хохирсон ослын хэрэгт буруутгагдсан жолооч Ц.Отгонбатад шүүхээс хоёр жилийн хорих ял оноосон талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл тус хэргийн тойм мэдээллийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан бичжээ. 

Тус мэдээлэлд "Шүүгдэгч Ц.Отгонбат нь “2024 оны долдугаар сарын 30-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын 1-р багийн нутаг дэвсгэр “Зэгстэйн даваа” орчимд Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн авто зам дээр “Mitsubishi Canter” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд зорчиж явсан Приус 30 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ө.Батзул нас барсан, Mitsubishi Canter маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан А.Хангалын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан...” гэх эрүүгийн хэрэгт Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. 2025 оны 09 дүгээр зүйлийн 16-ны өдөр шүүгдэгч Ц.Отгонбатад холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг зарлан явуулсан бөгөөд Улсын яллагч Ц.Отгонбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан гэм буруутай гэж, шүүгдэгч Ц.Отгонбат болон түүний өмгөөлөгч нар нь хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл “Ц.Отгонбатыг гэмт хэрэг үйлдээгүй, эсрэг урсгалд ороогүй” гэм буруугүй гэж тус хэргийг хэрэгсэхгүй болгох цагаатгах байр суурьтай тус тус мэтгэлцсэн.

Ц.Отгонбатад холбогдох хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцээд шүүгдэгч Ц.Отгонбатыг “жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол, нэг хүний амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчээс гэм хорын хохиролд /оршуулгын зардал, машины үнэлгээгээр тогтоогдсон төлбөр, сэтгэл санааны хохирол/ 102,536,100 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид, иргэний хариуцагчаас 68,357,403 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор тус тус шийдвэрлэсэн.

Шүүгдэгч талаас хуульд заасан 5 хоногийн хугацаагаар завсарлуулах, энэ хугацаанд хохирол нөхөн төлөх хүсэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдааныг 2025 оны 09 дүгээр сарын 23-ний өдрийн 09 цагт товлосон бөгөөд шүүгдэгч Ц.Отгонбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч, иргэний хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс “шүүгдэгч Ц.Отгонбатад Эрүүгийн хуульд зааснаас доогуур ял оногдуулах, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэх санал гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь шүүхээс гэм буруутайд тооцсоны дараа шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол нөхөн төлсөн байдлыг гэм буруугаа ойлгож ухамсарласан, хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй тул Эрүүгийн хуульд зааснаас доогуур ял оногдуулах, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах хуулийн үндэслэлгүй гэж дүгнэсэн болно" гэжээ.