УИХ-ын гишүүн Б.Найдалаагийн Боловсролын сайд П.Наранбаярын биед халдсан хэргийг дахин сэргээж, Мөрдөн шалгах алба шалгаж эхэлжээ

УИХ-ын гишүүн Б.Найдалаагийн Боловсролын сайд П.Наранбаярын биед халдсан хэргийг дахин сэргээж, Мөрдөн шалгах алба шалгаж эхэлжээ

УИХ-ын гишүүн Б.Найдалаа, Боловсролын сайд П.Наранбаярын биед халдаж, гэмтэл учруулсан байж болзошгүй хэрэг өнгөрсөн гуравдугаар сарын 27 /2025-03-27/-ны өдөр Төрийн ордонд гарсан билээ. Улмаар тухайн хэргийг цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж, гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэргийг хаахаар болоод байсан юм. 

Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Найдалаагийн Боловсролын сайд П.Наранбаяр сайдын биед халдсан хэргийг дахин сэргээж, ЦЕГ-ын Мөрдөн шалгах алба шалгаж эхэлсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ. 

Тодруулбал, хохирогч гэгдэж байсан Боловсролын сайд П.Наранбаяр, УИХ-ын гишүүн Б.Найдалаад гомдол гараагүй бөгөөд Шүүх шинжилгээний байгууллагад үзүүлж, гэмтлийн зэргээ тогтоолгохоос татгалзсан байгаа юм. Гэсэн ч хуулийн байгууллагаас "Төрийн өндөр албан тушаалтны биед халдсан" гэдэг үндэслэлээр шалгах нь зүйтэй хэмээн үзсэн аж. Тиймээс ч хэргийг Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн шалгах алба шалгаж эхэлсэн байна. 

-Б.МӨНХСОЁЛ: УИХ-ЫН ГИШҮҮН Б.НАЙДАЛАА "КНОП ХАМТАРЧ ДАРСАНГҮЙ ГЭХ ШАЛТГААНААР ШИРЭЭ БАЛБАН БОСЧ ИРЖ БАЙСАН-

Эргэн сануулахад,  УИХ-ын гишүүн Б.Найдалаа нь Боловсролын сайд П.Наранбаярыг нэр бүхий их сургуулийн ректорыг чөлөөлж, томилох асуудлаас болж, цохисон гэдгийг тухайн үед хамт байсан эх сурвалж мэдээлдэг. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Найдалаа нь нэгэн их сургуулийн ректорын чөлөөлж, томилох саналыг Боловсролын сайд П.Наранбаярт тавьсан бөгөөд тэрбээр "Хуулийн шаардлага хангахгүй, нам, улс төрөөс шалтгаалж томилгоо хийхгүй" хэмээн түүний саналыг хүлээж аваагүй гэдэг. Үүнээс үүдэж, тэд маргалдаж, нэгнийхээ биед халдсан гэдгийг тодотгодог юм.

Түүнчлэн Боловсролын сайд П.Наранбаяр "Би Цагдаагийн байгууллагад дуудлага өгөөгүй. Харин эмнэлэгт очиж хоёр ширхэг жижигхэн юм (оёдол) тавиулсан.

Миний биед халдсан асуудлууд гарч байна. Гэхдээ тэрэнд бодсон зүйл алга. Санамсаргүй юм болсон. Гэхдээ харилцан зодоон болоогүй" хэмээж байсан бол УИХ-ын гишүүн Б.Найдалаа "П.Наранбаяр сайд бид хоёрын хооронд үүссэн асуудлаар ардын аман зохиол шиг ташаа мэдээлэл гадуур явсан байна. Зодоон цохион болсон асуудал огт байхгүй. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт манай намын зөвлөгөөн болсон. Жижиг сажиг маргаан энэ үеэр болсон. Гэхдээ зодоон зохион болсон зүйл болоогүй. Би цохиогүй. Хүний нүд рүү санамсаргүй хуруугаа хийдэг шүү дээ. Тийм л зүйл болсон. УИХ-ын гишүүний ёс зүй болон гэмт хэргийн шинжтэй зүйл огт болоогүй" гэх тайлбарыг өгсөн байдаг. 

Мөн УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл өнгөрсөн зургаадугаар сарын 03-ны өдөр ХҮН намаасаа гарах тухайгаа мэдээлэх үеэрээ "УИХ-ын гишүүн Б.Найдалаа "Кноп хамтарч дарсангүй гэх шалтгаанаар ширээ балбан босч ирж байсан. Үүнийг нь ч Ёс зүйн хорооны дарга Б.Баярбаатар мэдэж байгаа. Би хэлж байсан. Ер нь их тэвчиж байсан" гэх мэдээллийг өгч байсан юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Б.Найдалаа магадгүй намын гишүүдээ дарамталж, эрүүл мэндэд нь халддаг байж болзошгүй байна. 




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө