М.Мөнгөнжавхаа: Цонхон дээрээ гараад зогссон иргэнийг аврах ёстой гэсэн ганцхан бодол, зорилгоор ажиллаж, амь насыг нь авран хамгаалсан

М.Мөнгөнжавхаа: Цонхон дээрээ гараад зогссон иргэнийг аврах ёстой гэсэн ганцхан бодол, зорилгоор ажиллаж, амь насыг нь авран хамгаалсан

Бусдын төлөө, өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэх онцгой байдлын алба хаагчдаар бахархахгүй байхын аргагүй. Тэдний нэг нь Нийслэлийн аврах анги 105-ын аврагч М.Мөнгөнжавхаа. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө буюу 2025 оны есдүгээр сарын 06-ны өдөр өндрөөс унаж, амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулах гэж байсан иргэнийг аврах хамгаалсан ачтан.

Тодруулбал,  цахим сүлжээнд өндрөөс унах гэж байсан иргэн амь насыг нь авран хамгаалж буй аврагчийн үйлдлийг эсэргүүцээд зогсохгүй, аврагчийн амь насанд эрсдэл учруулсан ч эцэст нь онцгой байдлын алба хаагч түүний амь насыг авран хамгаалж буй бичлэг цацагдсан билээ. Тэгвэл бид тухайн үед ур чадвар гарган, бусдын амь насыг авран хамгаалж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн Нийслэлийн аврах анги 105-ын аврагч М.Мөнгөнжавхаатай цөөн хором хуучиллаа. 

ВИДЕО: 

М.Мөнгөнжавхаа нь удам дамжсан аврагч аж. Түүний аав н.Мөнх-Очир Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт аврагчаар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарчээ. Хүүхэд байхаасаа л энэ албаны жаргал, зовлонг мэдэрч, ааваараа, албаар нь бахархаж, бардамнаж өссөн түүний хувьд онцгой байдлын албанд ажиллах нь багынх нь хүсэлт мөрөөдөл нь байсан байна. Нөгөөтээгүүр М.Мөнгөнжавхаа аавыгаа тэтгэвэртээ гарах жил нь ерөнхий боловсролын сургуулиа төгсөж байсан тул аавынхаа мэргэжлийг сонгох мөрөөдлөө биелүүлж, 2021 онд Онцгой байдлын албанд орсон байна. Энэ цагаас өнөөг хүртэл өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, Дүнжингаравын дэлбэрэлтийн аврах ажиллагаа, зам тээврийн осол, ахуйн осол, нуранги, өндрөөс аврах ажиллагаа зэрэгт оролцож, олон зуун хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалжээ. 

-"ГАРТАА ЦОНХНЫ ШИЛ БАРЬСАН ИРГЭНЭЭС АЙХ, ӨӨРИЙГӨӨ ЭРСДЭЛД ОРУУЛАХ БОЛОВ УУ ГЭСЭН АЙДАС ОГТ ТӨРӨӨГҮЙ"-

 М.Мөнгөнжавхаа Нийслэлийн аврах анги 105-ын аврагч

"Бусдаас "баярлалаа" гэдэг ганцхан үгийг сонсох л хамгийн сайхан, аз жаргалыг мэдрүүлдэг. Гэхдээ хүн болгон, тэр бүр хэлдэггүй юмаа" хэмээн инээмсэглэх М.Мөнгөнжавхааг томилгоот жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхад нь буюу 2025 оны есдүгээр сарын 06-ны өдөр "Өндрөөс аврах ажиллагааны дуудлага мэдээлэл онцгой байдлын албанд ирсэн байна.

Энэ дагуу Нийслэлийн аврах анги 105-ын аврагчид очиж ажиллахад нэгэн иргэн цонхон дээрээ гараад зогссон байдалтай байжээ. Тиймээс М.Мөнгөнжавхаа нэг аврагчаараа өөрийгөө хамгаалуулан, зөвхөн тэр хүнийг аврах ёстой гэх ганцхан зорилготойгоор ажиллаж, амь насыг нь авран хамгаалсан байна. Тухайн үед цонхон дээрээ зогсож байсан иргэн гартаа цонхны шил барьж алба хаагчийг гэмтээх, эрсдэлд оруулж байсан ч Нийслэлийн аврах анги 105-ын аврагчид байнгын бэлтгэл, сургуулилт хийж, ур чадвараа сайжруулдгийн ачаар өөрсдийгөө эрсдэлд оруулахгүйгээр, ур чадвар гарган иргэний амь насыг авран хамгаалж чаджээ. Тэрбээр энэ талаар "Цонхон дээрээ гараад зогссон байсан иргэнийг аврах ёстой гэсэн ганцхан бодол, зорилгоор ажиллаж, амь насыг нь авран хамгаалсан. Тухайн иргэн гартаа цонхны шил барьсан байсан ч түүнээс айх, өөрийгөө эрсдэлд оруулах болов уу гэсэн айдас огт төрөөгүй" гэдгийг тодотгосон юм. Мөн "Бидний ажил цаг минутаар бус, минут секундээр хэмжигдэж байдаг тул ард иргэдийг дуут дохио дуугаргасан тээврийн хэрэгсэлд зам тавьж өгч, хүндэтгэлтэй хандаж байх"-ыг хүсч байлаа.