Эх нутгаа тэмүүлэн хэдэн зуун бээр гүйдэг монгол адууны талаар сонссон гадаад байтугай дотоодын хүмүүс ч биширч, гайхацгаадаг. Эрт дээр үеэс л монгол адуу ижил сүрэг рүүгээ тэмүүлж, эх нутгаа бодон бодсоор хэдий холын газар байлаа ч ажрахгүй давхисаар сүрэгтээ ирж нийлсэн талаарх түүх, яриа бишгүй олон. Тэгвэл бид энэ удаа хулгайч нарт алдагдаж, 1500 км-ийн цаана ачигдаж очсон ч эх нутгаа зорин, унагаа дагуулан гүйсэн хүрэн гүүний талаар хүргэх гэж байна.
Хүрэн гүүг энэ жил хулгайч нар хулгайлж, Увс аймгийн Наранбулаг сум руу зарсан байж. Улмаар тэндээ хоёр ч хонолгүй унагаа дагуулан эх нутаг, ижил сүрэг рүүгээ гүйжээ. Ийнхүү гүүний эзэн болох Завхан аймгийн Цагаанчулуут сумын уугуул, Улаанбаатар хотын харьяат Т.Заяахишиг гэх хүн зар тавьсаар Завхан аймгаас сураг гарган гүүгээ олж авчээ. Ингэхдээ хүрэн гүү унагаа дагуулан 360-аад км газар гүйсэн байсан бөгөөд явсан замыг нь харахад хатуу ширүүн нөхцөлтэй, элс ихтэй газруудаар явсан байсан Т.Заяахишиг бидэнд ярьсан юм.
ВИДЕО:
-Хүрэн гүү нь хаанахын, ямар удам угшилтай гүү вэ?
-Миний хүрэн гүү Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Аймгийн алдарт уяач Э.Эрдэнэбилэгийн унаган адуу. Эцэг талаараа Монгол Улсын анхны алтан азарга болох “Бундуут халтар” азарганы үр төл байгаа юм.
-Гүүгээ хэзээ хулгайчдад алдсан бэ. Яаж олов?
-Сая 2024 оны аравдугаар сарын 25-нд гүүгээ унагатай нь Эмээлт орчмоос алдсан. Адуунаасаа салж явдаггүй болохоор нь шууд л алдсан адуу мал хайх группууд дээр зар тавьсан. Улмаар арваннэгдүгээр сарын 7-нд Ховд аймгийн Мянгад сумын н.Дагвадаа гэдэг малчин залуу над руу яриад, “Өөрийн чинь алдсан бололтой унагатай гүү Ховд аймгийн Дөргөн суманд гүйж явна” гэж хэл дуулгасан. Тэгээд фэйсээр дамжуулаад зураг бичлэгийг нь авахад миний гүү яг мөн байсан. Улмаар танил талаараа дамжуулаад бичлэгийг нь тавиад сураад байсан чинь анх бичлэгийг нь хийж тавьсан Дөргөн сумын харьяат залуутай холбогдсон юм. Гэтэл манай энэ хавиар өнгөрөөд урагшаа чигтээ явсан гэж хэлсэн. Тэгэхээр нь дахиад фэйс дээр зар тавьсан чинь Завханы Дөрвөлжин сумын Онц багийн харьяат нэг залуу над руу яриад манай энд нууранд ирж байна гэж хэлэхээр нь “за чи бариад ав. Ах нь машин явуулья” гэсэн. Тэгээд Завханаас нааш авч ирсэн дээ.
-Нааш нутаг руугаа чигтээ л гүйж явж дээ. Унагаа дагуулаад нийт хэдэн км гүйсэн бэ?
-Нутаг руугаа чигтээ л гүйж явсан байгаа юм. Унагаа дагуулаад нийтдээ 360-аад км газар гүйсэн байсан. Мөн хоёр үрээ дагуулчихсан явж байсан нь бас л эндээс очсон үрээнүүд байна лээ.
-Хулгайд алдаад олж авахад таны гүү ямар байдалтай байсан бэ?
-Гүү маань их турж, эцсэн байсан. Уг нь тарга хүч сайтай гүү байсан юм л даа. Аргагүй шүү дээ. Увс аймгийн Наранбулаг сум руу 1500 гаруй км газар ачигдсан байна лээ.
Манай гүүтэй цуг хулгайд алдагдсан нэг гүү нь Архангайд машинаасаа унаад үхсэн гэж ачиж авч явсан хүмүүс нь хэлсэн гэсэн. Гүүг маань ачиж аваачсан Увсын Наранбулаг суманд хоёр л хоноод наашаа гүйсэн байгаа юм. Араас нь хүмүүс эрж, сурсан ч олоогүй гэсэн. Тэр хүмүүс нь олоогүй буцсан уу эсвэл би зар тавиад байхаар нь буцчихсан уу мэдэхгүй юм.
-Унагаа дагуулаад нутаг руугаа гүйх зам, байгаль цаг уурын нөхцөл хэр байсан бол?
-Увс аймгаас наашаа 300 км гаруй унагаа дагуулаад гүйсэн. Тийшээ чинь өвс муутай. Их элстэй газар учраас нэлээд л ядарч зүдэрч явсан юм шиг байна лээ. Хар ус нуур, Дөргөн нуурын зүүн талаар, Завхан голынхоо баруун талаар яваад байсан байна лээ. Бас тээлийн голыг гүүрээр ч юмуу гаталсан байгаа юм. Тэгээд л Завхан амйгийн Дөрвөлжин сумын нутаг руу орсон. Бас л их элстэй газар ороод байж байхад нь барьж авсан гэсэн.
-Унага нь хэдэн сард төрсөн унага вэ? 1500 км-ын цаанаас эх нутаг руугаа гүйж дээ янз нь?
-Өнгөрсөн зургаадугаар сард төрсөн охин унага байгаа юм. Алдагдсан байхад нь бичсэн бичлэгээс харахад эхийгээ дагаад л хөөрхөн шогшоод байдаг юм байна лээ. Эх нутаг, ижил сүргээ л бодож явсан байлгүй дээ. Хөөрхий минь. Бодохоор өрөвдөөд байгаа юм.
-Өмнө нь морь эх нутаг руугаа гүйж байсан гэж сонссоноос гүү гүйсэн гэж сонсож байсангүй. Ер нь гүү гүйдэг юм болов уу?
-Гүүг өмнө нь нутаг руугаа гүйж байна гэж нэг их сонсоогүй. Сайн удам угшилтай, чадалтай адуу л нутаг руугаа гүйдэг юм шиг байгаа юм. Монгол хүн, монгол адуу хоёрын генд л байгаа байх. Ижил сүргээ, эх нутгаа гэсэн сайхан сэтгэл байх шиг байгаа юм. Монгол адуунаас бусад адуу эх нутаг руугаа гүйсэн гэж би үнэхээр сонсож байгаагүй. Монгол адуунд л байдаг өвөрмөц, мундаг чадвар л даа.
-Хулгайд алдаад цахим орчноос бичлэгийг нь харахад эзэн хүний хувьд танд өөрт тань ямар санагдаж байв?
-Замд явж байхад нь бичлэг хийсэн хүмүүсийн бичлэг дээрээс харахад бичлэг хийж байгаа хүмүүсээс зугтааж байгаа бололтой унага нь хоёр талаар нь тойрч гүйгээд их өрөвдөлтэй харагддаг юм байна лээ. Яах вэ олдох учиртай, над дээр байх ёстой адуу болоод л олж авсан байх. Түүнээс биш тэгж хол алдчихаад олж авна гэдэг хэцүү шүү дээ.
-Хулгайч нарыг барьсан уу?
-Гүүг маань унагатай нь хулгай хийж авч явсан нөхдүүд манай хамаатны дүү дээр туслах адуучин хийж байсан залуу юм байна лээ. Тийм болохоор хэн нэгнийг туслахаар авч, туслах ажилтан хийлгэж байгаа бол араас нь юу хийж байгааг нь асууж, сайн харж байхгүй бол энэ мэт хулгайн гэмт хэрэг гарах нөхцлүүд олон байна.
-Манай улсад гарал үүслийн бичиг гэж гаргадаг шүү дээ. Хулгайлж авч явсан этгээдүүд яаж авч явсан юм бол?
-Гарал үүслийн бичиг авахдаа тамгыг нь хайчилж байгаад өөр тамга дараад гарал үүслийн гэрчилгээ авчихсан байгаа юм. Бас хулгайч нар гарал үүслийн гэрчилгээ авахдаа зайнаас зургийг нь явуулаад гэрчилгээ авчихдаг юм байна лээ. Үүнээс болоод хулгай их гарч байх шиг байна.
-Малчид цахим орчин дахь зараар малаа олох нь элбэг болж?
-Алдсан малаа эрж хайдаг улсын хэмжээний сайттай болох хэрэгтэй байна. Үүндээ бүх малчдаа хамруулаад энд тэнд гүйж яваа ч юм уу ижил буруу, алдуул адуу байвал зургийг нь тавьдаг байх хэрэгтэй байна. Мөн малын гарал үүслийн гэрчилгээ олгодог санг иргэдэд нээлттэй болгомоор байгаа юм.
Одоогийнх шигээ бичиг гаргадаг хүмүүс л ашигладаг биш бүх иргэд нээлттэй ашигладаг бол адуугаа хаань, ямар байдалтай явж байгааг нь хараад хайх бүрэн боломжтой гэж бодож байна.
-Малын хулгай гэдэг нь нэг ёсондоо монгол адуугаа л хайрлахгүй байгаагийн нэг хэлбэр шүү дээ?
-Монгол хүн Монголоороо байж, дэлхийн олон соёл иргэншил дунд уусчихгүйн тулд Монголын нүүдлийн соёл, адуу чухал нөлөөтэй байна. Хөдөө залуучуудыг уяж, торгоож байгаа ганц зүйл нь адуу. Үгүй бол энэ хөдөө тал чинь хэдхэн жилийн дараа эзгүйрлээ. Бас адуунуудаа маш их эрлийзжүүлж байна. Одоо ч ер нь цэвэр цусны монгол адуу устахад ойрхон л байна даа.
-Малын хулгайч нарт ямар арга хэмжээ авбал илүү үр дүнтэй бол?
-Ер нь мал хулгай хийсэн хүмүүст 5-10 жил цахим гав зүүгээд хөдөлгөөнийг хянаж баймаар байгаа юм. Үгүй бол тэд гарч ирээд нэг бүлэг үүсгэчихээд адуу мал аймаг орон нутаг дамжуулаад заараад явуулчихаад байна. Иймд үүн дээр бас хяналт тавьж, арга хэмжээ авмаар байгаа юм. Гүүг маань олж өгөхөд гүн туслалцаа үзүүлсэн Ховд аймгийн Дөргөн сумын харьяат н.Шараа, Мянгад сумын н.Дагвадаа, Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат н.Батчулуун нарын хүмүүстэй үнэхээр их баярлаж байгаагаа илэрхийлье. Монгол хүмүүс нэгнийхээ алдсан малыг эрж хайхад нь туслаад өөрийнх чинь биш, алдуул адуу байх юм бол хэлж өгдөг тийм сайхан тусч зан чанараа хадгалж, бие биедээ тустай сайхан яваарай гэж хэлмээр байна.