ШУУРХАЙ: Үүрэг гүйцэтгэж байгаад зам тээврийн ослоор амиа алдсан цэрэг М-ын ангийн удирдлагуудад цалингийн тодорхой хувиар торгох шийтгэл оногдуулжээ

ШУУРХАЙ: Үүрэг гүйцэтгэж байгаад зам тээврийн ослоор амиа алдсан цэрэг М-ын ангийн удирдлагуудад цалингийн тодорхой хувиар торгох шийтгэл оногдуулжээ

Дотоодын цэргийн 05 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан М нь өнгөрөгч тавдугаар сарын 30 /2024.05.30/-ны өдөр зам тээврийн осолд орж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.  

Тодруулбал,  талийгаач цэрэг нь Төв аймгийн Цээл сумын нутагт хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Чандманьбаян бүрд” ХХК-ийн талбайд ажиллаж байхдаа зам тээврийн осолд өртөж, амиа алдсан байдаг. Улмаар тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа гэдгийг тухайн үед мэдээлж байв. 

Тэгвэл зам тээврийн ослоор амиа алдсан цэргийн алба хаагчийн хэргийг шалгах ажиллагаа өдгөө ч үргэлжилж байгаа бөгөөд одоогоор хэн нэгнийг ч яллагдагчаар татаагүй байгаа аж.

Харин тухайн цэргийн алба хаагчийг хууль, дүрэм зөрчиж “Чандманьбаян бүрд” ХХК-тай гэрээ байгуулан ажиллуулж байсан Дотоодын цэргийн 05 дугаар ангийн удирдлагуулагууд болон цэргүүдийг ахалж явсан ахлагч зэрэг албан тушаалтнуудыг цалингийн тодорхой хувиар бууруулж, хариуцлага тооцсон байна.

Тухайлбал, Дотоодын цэргийн 05 дугаар ангийн захирагч Д.Манлайбаатар болон хамгаалалтын ажилтан М.Батзориг нарын цалинг гурван сарын хугацаатай 20 хувиар бууруулж, хариуцлага тооцжээ. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Дотоодын цэргийн 05 дугаар анги нь хууль зөрчиж, “Чандманьбаян бүрд” ХХК-тай гэрээ байгуулж цэргүүдийн ажиллуулсан нь тогтоогдсон байна. Мөн аюулгүй ажиллагааны дүрэм мөрдөж, ажиллаагүйгээс уруу байрлалд тавьсан бүрэн бус тээврийн хэрэгсэл амь хохирогч цэргийг мөргөж, амь насыг нь бүрэлгэсэн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа аж. Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно.