Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгч Н.Одончимэгийг хахууль авч байхад нь АТГ-ын алба хаагчид үйлдэл дээрээ нь баривчилж, хойшлуулшгүйгээр цагдан хорьсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Улмаар прокуророос Н.Одончимэгийг үргэлжлүүлэн нэг сарын хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналаа өчигдөр /2024.10.17/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлээд байгаа.
Тэгвэл түүнийг 8-12 хүртэл жилийн хорих ялтай Эрүүгийн хуулийн 22.4-2 буюу Нийтийн албан тушаалтан хахууль авах гэсэн зүйл ангиар яллагдагчаар татсан байна. Мөн түүнтэй хамт хахууль өгөх гэмт хэрэгт "Ванхүү" ХХК-ийн захирал Б.Боролзойхүү, инженер Ч.Ганчөдөр нарыг холбогдуулан цагдан хорьж, шалгаж байгаа аж.