"Зөвшөөрөлгүй такси эрхэлбэл 5-50 сая төгрөгөөр торгох" зохицуулалтыг Х.Нямбаатарын журамд биш Г.Занданшатарын баталсан хуульд зааж өгчээ

"Зөвшөөрөлгүй такси эрхэлбэл 5-50 сая төгрөгөөр торгох" зохицуулалтыг Х.Нямбаатарын журамд биш Г.Занданшатарын баталсан хуульд зааж өгчээ

Зөвшөөрөлгүй такси үйлчилгээ эрхэлсэн хувь хүнийг 5 сая төгрөгөөр, хуулийн этгээдийг 50 сая төгрөгөөр торгох зохицуулалт энэ сарын 15-наас мөрдөгдөж эхэлсэн. Харин Хотын дарга Х.Нямбаатар сэтгүүлчийн “хувиараа такси үйлчилгээ эрхэлж буй иргэдийг торгох журам нь иргэдийн шүүмжлэлийг дагуулж байна” гэх таксинд явж буй иргэнийг "журам"-ын дагуу зохицуулж байгаа мэт асуултанд 2020 онд батлагдсан “Авто тээврийн хэрэгслээр зорчигч тээвэрлэх” журмыг ярьж, “5 сая төгрөгөөр торгох журам байхгүй. Иргэдэд энэ журам хамаарахгүй” гэж мэдэгдсэн нь олныг төөрөгдүүлэхэд хүрлээ.

-3-10 САЯ ТӨГРӨГ ТӨЛЖ ТАКСИНД ЯВАХ ЗӨВШӨӨРӨЛ АВААГҮЙ ИРГЭНИЙГ ЗӨРЧЛИЙН ХУУЛИЙН ДАГУУ 5-50 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО-

Тэгвэл 2023 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр Зөрчлийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, 6.30.4 дэх хэсэгт, “Зөвшөөрөлгүй нийтийн тээвэр, таксины үйлчилгээ эрхэлсэн бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.

Энэ нь товчхондоо зөвшөөрөлгүйгээр такси үйлчилгээ эрхэлсэн бол 5-50 саяар торгоно гэсэн үг.

Мөн энэхүү хуулийг дагалдуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд 2023 оны долдугаар сарын 7-ны өдөр нэмэлт оруулж, 29.1.14-т такси үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авахдаа 3-10 сая төгрөг төлнө гэж заасан байна. Тодруулбал, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 29.1.14-т орон нутгийн, хот доторх болон хот орчмын нийтийн зорчигч тээвэр, такси үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 3 000 000-10 000 000 төгрөг төлнө гэж заажээ.

Ийнхүү такси үйлчилгээ эрхлэх гэж байгаа хүмүүс Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дагуу мөнгө төлж зөвшөөрөл авах эс бөгөөс Зөрчлийн хуулийн дагуу торгуулах бөгөөд үүнд Нийслэлийн тээврийн газар хяналт тавин ажиллана.

-ХУВИАРАА ТАКСИ ЭРХЭЛЖ БУЙ ИРГЭДИЙГ ТОРГОХ ХУУЛИЙГ УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРЫН ПАРЛАМЕНТ БАТАЛСАН-

Ийнхүү Хотын дарга Х.Нямбаатарын хэлж байгаачлан зөвшөөрөлгүй такси үйлчилгээ эрхэлж буй хүмүүсийг торгох асуудлыг журмаар бус хуулиар зохицуулж байна. Энэ хуулийн зохицуулалтуудыг 2023 онд буюу Г.Занданшатар даргын парламентын үед баталсан байна.

Өнгөрсөн найман жилийн хугацаанд МАН парламентад үнэмлэхүй олон суудал авч ирсэн. Тодруулбал, 2016 онд 65 суудал, 2020 онд 62 суудал авсан байдаг.

Үүнийгээ дагаад хэт олонх болсон нам өөрсдийнхөө намынхны өргөн барьж буй хуулийн төслийг уншихгүйгээр баталдаг талаар иргэд олон дахин удаа хэлж байсан. Улмаар Зөрчлийн хууль ёсоор хувиараа такси үйлчилгээ эрхлэх иргэдийг зохицуулах журмыг 2023 оны арванхоёрдугаар сард буюу Г.Занданшатар дарга бүрэн эрхийнхээ хугацаа нь дуусахаас өмнөхөн баталсан байна. Ийнхүү энэ сарын 15-наас эхлэн хувиараа такси үйлчилгээ эрхэлж буй иргэд Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн дагуу 3-10 сая төгрөг төлөх, төлөөгүй бол Зөрчлийн хуулийн дагуу 5-50 сая төгрөгөөр торгуулах хуулийн зохицуулалт хэрэгжиж эхэллээ.




Өнөөдөр туулай өдөр

5 цагийн өмнө