Мал эмнэлгийн ерөнхий газар /МЭЕГ/-ын дарга асан Д.Түмэндэмбэрэл, ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан З.Батсүх нар “Яаралтай дархлаажуулалт” нэрийн дор тендер зарлалгүйгээр Энэтхэгийн "Hester biosciences limited" компанитай мялзангийн вакцин худалдан авах шууд гэрээ байгуулж, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдож, яллагдагчаар татагдсан байдаг. Харин өдгөө тус хэрэг шүүхийн шатанд яваа.
-2.8 ТЭРБУМЫН ТЕНДЕРТ Д.ТҮМЭНДЭМБЭРЭЛ НАРЫН ВАКЦИН ХУДАЛДАН АВЧ БАЙСАН КОМПАНИЙ АФРИК ДАХЬ ҮЙЛДВЭРИЙГ ШАЛГАРУУЛЖЭЭ-
Тэгвэл дээрх хэргийг шүүх эцэслэн шийдвэрлээгүй байхад Мал эмнэлгийн ерөнхий газрын өнөөгийн дарга А.Нарантуяа нар нь мөн малын вакцин худалдан авах тендер сонгон шалгаруулалтад хууль бусаар нөлөөлж, Д.Түмэндэмбэрэл нарын өмнө нь вакцин худалдан авч байсан "Hester biosciences limited" компанийн Африк улс дахь салбар үйлдвэрээс худалдан авалт хийж, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх хэрэгт холбогдож, АТГ-аас уг хэргийг шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал, "Гоц халдварт бог малын мялзан өвчнөөс сэргийлэх вакцин худалдан авах" 2.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тендерийг тавдугаар сарын 11 /2024.05.11/-ний өдөр зарлаж, тухайн тендерт Д.Түмэндэмбэрэл нарын өмнө нь вакцин худалдан авч байсан "Hester biosciences limited" компанийн Африк улс дахь салбар үйлдвэр болох “Hester bioscience africa limited” компанийг шалгаруулж, гэрээ байгуулсан байна.
-ОУ-ЫН ЛАВЛАГАА ЛАБОРАТОРИОР БАТАЛГААЖААГҮЙ АФРИКИЙН КОМПАНИАС МАЛЫН ВАКЦИН ХУДАЛДАН АВЧЭЭ-
Гэтэл тухайн тендерт эхнээсээ тус компанийг шалгаруулахаар зохион байгуулсан байж болзошгүй байгаа аж. Тодотговол, малын бусад төрлийн вакцины тендерт "Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын итгэмжлэгдсэн олон улсын лавлагаа лабораториор баталгаажуулсан байх" ёстой гэж техникийн тодорхойлолтод заадаг байна. Гэтэл дээрх тендерийн үнэлгээний хорооныхон тендер сонгон шалгаруулалтын шалгуур үзүүлэлтийг боловсруулахдаа "Вакциныг олон улсын AU-PANVAC, Cirad сертификаттай байна" гэж заажээ.
Энэ нь Танзани улсын дээрх компанид зориулан урьдаас ярьж тохиролцон тендерийн техникийн тодорхойлолт байх магадлалтай байгаа аж.
Учир нь “Hester Biosciences Africe Limited” компани 2023 оны аравдугаар сарын 25-ны өдрийн QCR2633 дугаартай AU-PANVAC, Cirad байгууллагын 2021 оны есдүгээр сарын 06-ны өдрийн “SANITARY Certificate” гэрчилгээ ирүүлсэн байна. Товчхондоо, олон улсын лавлагаа лабораториор баталгаажуулаагүй зөвхөн "Cirad" байгууллагын гэрчилгээ бүхий компанийг тендер сонгон шалгаруулалтад оруулж, шалгаруулсан байгаа юм.
Мөн "Гоц халдварт бог малын мялзан өвчнөөс сэргийлэх вакцин худалдан авах" 2.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тендерт оролцсон компаниудаас "Jordan Bio-Industries center-JOVAC" гэх компани 728 мянган ам.долларын үнэ санал болгосон атал үүнээс өндөр үнэ буюу 825 мянган ам.долларын үнэ санал болгосон “Hester Biosciences Africe Limited” компанийг тендерийн үнэлгээний хорооныхон шалгаруулж, хууль зөрчсөн байна.
Хамгийн ноцтой нь, тус компанийг төлөөлөх эрхтэй гэх иргэн нь Танзани улсын хуулиар төлөөлөх эрхтэй эсэх нотлох баримт байхгүй, паспортын хуулбар зэргээ тендерийн материалд ирүүлээгүй байхад вакцин худалдан авах тендерт шалгаруулж, улмаар гэрээлсэн байгаа юм. Магадгүй үүний ард авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдэгдсэн байж болзошгүй байгаа аж. Тиймээс ч уг хэргийг өдгөө АТГ-аас шалгаж эхэлсэн байна.