Сайншанд суманд 12 настай охин сураггүй болж, улмаар Г гэгч нь такси үйлчилгээ үзүүлэх нэрийдлээр машиндаа суулган авч явж, амийг нь хөнөөсөн хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Тэгвэл тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болж, гэмт буруугийн шүүх хурлыг энэ сарын 29-ны өдөр хийхээр товлосон байна.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас 2023 оны аравдугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумаас бага насны хүүхдийг такси үйлчилгээнд явж байгаа мэтээр хууран мэхэлж машиндаа суулган хүчээр авч явж хүчиндэн, улмаар гэмт хэргээ нуун далдлах зорилгоор амь насыг нь хохироосон Г.Гантулгад холбогдох хэргийг энэ оны хоёрдугаар сард яллах дүгнэлт үйлдэн Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.
Тэгвэл шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2024.03.19/ болж, хэргийг гэм буруугийн хуралдаан руу шилжүүлэн, дараагийн хурлыг энэ сарын 29-ны өдрийн 09 цагт хийхээр товлосон байна. Прокуророос Г.Г-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 2.1 /Хүн хулгайлах/, 12.1 дүгээр зүйлийн 4 /Хүчиндэх/, 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.7 /Хүнийг алах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байдаг юм.