“Улаанбаатар төмөр зам”-ын “Толгойт” өртөөний дарга Т.Үржин нь бусдаас их хэмжээний хахууль авсан хэрэгт холбогдон АТГ-ынхан хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 48 цагийн хугацаатай албадан саатуулсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Тэгвэл прокурорын байгууллагаас тус хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Тодруулбал, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Толгойт өртөөний даргаар ажиллаж байсан Т.Ү нь ажил үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн мэдээ, мэдээллээ ашиглан бусдад дарамт шахалт үзүүлж хахууль өгөхийг шаардан, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд бусдаас хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авсан/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ.
Хэргийн талаар эргэн сануулахад, “Улаанбаатар төмөр зам”-ын “Толгойт” өртөөний дарга Т.Үржин нь эл өртөөний дэргэд үйл ажиллагаа явуулдаг “Сонсголон бармат” ХХК-ийн захирал С.Сүхбаатар, “Силкрөүд ложистикс” ХХК-ийн менежер Ч.Ганчулуун нарын ашиг сонирхлын үүднээс 2021 оны 5-6 дугаар сард хахууль авсан хэмээн буруутгагдаж буй. Түүний хахуулийн мөнгийг “Сонсголон бармат” ХХК-ийн захирал С.Сүхбаатар Хаан банкны дансаараа дамжуулан бэлнээр гаргаж аваад “Толгой” өртөөнөөс холгүй орших “Номин супермаркет” дэлгүүрийн авто зогсоол дээр Т.Үржинд өгсөн нь АТГ-ынхны шалгалтаар тогтоогдсон байдаг. Тэд вагоны салбар зам ашиглах эрх авахын тулд эл албан тушаалтанд 33 сая төгрөг өгсөн гэгддэг юм.