Залуу уран бүтээлч “Morningstar” буюу Б.Аззаяад холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болох талаар бид өмнө нь мэдээлсэн.
“Morningstar” буюу Б.Аззаяа нь хар тамхины хэрэгт холбогдож, өнгөрсөн нэгдүгээр сард Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд 1 жилийн хорих ял оноосон юм. Харин тэрбээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд түүний гомдлыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх өнөөдөр /2024.03.14/ хэлэлцээд анхан шатны шүүхээс оноосон шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.
Б.Аззаяаг найз Г.Амартүвшинтэй хамтарч “Нарны хороолол” дахь гэртээ 2022 оны есдүгээр сард мансууруулах бодис худалдах зорилгогүйгээр хадгалсан хэрэгт холбогдуулан ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ажилтнууд шалгаж, НПГ-аас Эрүүгийн хуулийн 20.7-1 дэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн билээ.