ШҮҮХ: З.Энхболдыг Б.Энх-Амгаланг гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон гэм буруутайд тооцож, ял оноосон

ШҮҮХ: З.Энхболдыг Б.Энх-Амгаланг гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон гэм буруутайд тооцож, ял оноосон

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал дөрвөн өдрийн турш явагдаж, өчигдөр шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргасан билээ. Тэгвэл тус хэргийн шүүхийн шийдвэрийн тоймыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн бичжээ.
 
Тус тойм мэдээлэлд, "Нийслэлийн прокурорын газраас Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр, 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрүүдэд хянан хэлэлцэв.
 
Шүүх шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Энх-Амгаланг “Улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ зааснаар түүнд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 төгрөгөөр торгох ялаар,
 
шүүгдэгч З.Энхболдыг шүүгдэгч Б.Энх-Амгалангийн “Улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ зааснаар түүнд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэв" гэжээ.