"Симба" Ц.Батааг хулгайлж, 98 сая төгрөгийг нь дээрэмдсэн "Сэлэнгийн" гэх У.Баатаржав нарыг шүүх хурал маргааш товлогджээ

"Симба" Ц.Батааг хулгайлж, 98 сая төгрөгийг нь дээрэмдсэн "Сэлэнгийн" гэх У.Баатаржав нарыг шүүх хурал маргааш товлогджээ

"Сэлэнгийн" гэж алдаршсан У.Баатаржав нар нь бүлэглэн "Симба" Ц.Батааг хулгайлж, 100 орчим сая төгрөгийг нь дээрэмдсэн хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг маргааш /2024.03.15/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогджээ. 

Нийслэлийн прокурорын газраас иргэн У.Баатаржав, Н.Наранбаатар, М.Отгонсүх нар нь зөвшөөрөлгүйгээр бусдын орон байранд нэвтэрч, УИХ-ын гишүүн асан, олны мэддэгээр Симба хочит Ц.Батаад хүч хэрэглэн “Х” зочид буудалд хууль бусаар хорьж, 98 сая төгрөгийг шилжүүлэн авсан, мөн хуурамч мөнгөн тэмдэгт, галт зэвсгийг хууль бусаар хадгалсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 1 /Хулгайлах/, 13.4 дүгээр зүйлийн 1 /Хүнийг хүчээр алга болгох/, 13.6 дугаар зүйлийн 2 /Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох/, 11.6 дугаар зүйлийн 2 /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/, 17.2 дугаар зүйлийн 2 /Дээрэмдэх/, 20.4 дүгээр зүйлийн 1 /Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших/, 18.7 дугаар зүйлийн 1 /Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг юм.

Хэргийн талаар эргэн сануулахад, 2023 оны наймдугаар сарын 04-ний өдөр "Сэлэнгийн" гэж алдаршсан У.Баатаржав, Н.Наранбаатар, М.Отгонсүх нар хамтран УИХ-ын гишүүн асан, олны мэддэгээр Симба хочит Ц.Батаагийн орон байранд нь нэвтэрч, улмаар хулгайлж, Сүхбаатар дүүрэгт байрлах нэгэн зочид буудалд хүч хэрэглэн цагдан хорьсон байдаг. Улмаар 98.5 сая төгрөгийг нь дээрэмдсэн байна. Цагдаагийн байгууллагаас У.Баатаржав, Н.Наранбаатар, М.Отгонсүх нарын үйлдсэн уг гэмт хэргийг хүн хулгайлах, хүнийг хүчээр алга болгох, бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллагдагчаар татан, мөрдөн шалгаж байсан юм.