Хотын дарга Х.Нямбаатар иргэдийг бухимдуулсан "туршилт"-ын саналаа мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн хоёрдугаар сард ТЦА-нд хүргүүлж байжээ

Хотын дарга Х.Нямбаатар иргэдийг бухимдуулсан "туршилт"-ын саналаа мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн хоёрдугаар сард ТЦА-нд хүргүүлж байжээ

Дур мэдэн замын хөдөлгөөнд зохицуулалт хийсэн гэх Тээврийн цагдаагийн алба /ТЦА/-ны дарга Б.Оюутболдыг ажлаас нь чөлөөлөхийг Хууль зүй, дотоод хэрэг /ХЗДХ/-ийн сайд Б.Энхбаяр Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-ын даргад үүрэг болгосон талаар бид өчигдөр /2024.03.13/ мэдээлсэн билээ. 

Тодруулбал,  түгжрэлийг бууруулах зорилгоор замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулж, Төв шуудангийн уулзвараас 120 мянгат хүртэлх замын урсгалыг өглөө, оройд 3:1 харьцаагаар зорчуулсан нь иргэдийн бухимдлыг төрүүлсэн юм. Харин уг зохицуулалтыг ТЦА дур мэдэх хийсэн гэдгийг Хотын дарга мэдэгдэж, НЗДТГ-аас уг шийдвэрийг гаргаагүй болохыг тодотгосон юм. Үүний дараа Тээврийн цагдаагийн албанаас уг зохицуулалтыг хийж, ажлын зураг авалт хийсэн болохоо мэдэгдсэн. Улмаар иргэдийг бухимдуулсан эл "туршилт"-тай холбоотойгоор ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр ТЦА-ны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хариуцлага тооцохыг ЦЕГ-ын даргад үүрэг болгосон байдаг. 

Тэгвэл Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар энэ оны хоёрдугаар сар /2024.02/-д "Ачаалалтай замуудад 07:00-09:00 цагт, орой 17:00-19:00 цагт зарим гудамж замыг нэг чигт оруулах санал"-ыг Тээврийн цагдаагийн албанд хүргүүлж байсан гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Өөрөөр хэлбэл Хотын дарга Х.Нямбаатар иргэдийг бухимдуулсан "туршилт"-ыг мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн ТЦА-нд санал болгон хүргүүлж байжээ. Нөгөөтэйгүүр,  Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу албан үүргээ гүйцэтгэсэн ТЦА-ны удирдлагыг яагаад салбарын сайд нь үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг хүргүүлэв гэдэг нь өдгөө мөн олны анхаарлыг татаж, дахин иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байна. Магадгүй энэ үйлдэл нь салбарын сайд хууль, журмаа мэддэггүйтэй холбоотой юу, эсвэл хэн нэгнийг албан тушаалтай нь үлдээхийн тулд бусдаар туг тахив уу гэдэг асуулт хариултаа нэхэж эхэллээ.