Сүүлийн өдрүүдэд хүүхэд сураггүй алга болсон тухай дуудлага, мэдээлэл бүртгэгдэж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт энэ оны 03 дугаар сарын 04-ний өдөр 13-14 насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд гэрээсээ дайжиж явсан, мөн өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 13 настай эмэгтэй, мөн 12 насны эрэгтэй хүүхэд сураггүй алга болсон мэдээллийн дагуу эрэн хайх ажиллагааг хүүхдийн асуудал хариуцсан болон холбогдох алба хаагчид шуурхай зохион байгуулж, дээрх хүүхдүүдийг олж тогтоон, Хүүхэд хамгааллын 108 төвийн Түр хамгаалах байранд 2 хүүхдийг, ар гэрийнхэнд 2 хүүхдийг хүлээлгэн өгч, холбогдох ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Иймд эцэг эх, асран хамгаалагчид таны хүүхэд хэнтэй найзалж, нөхөрлөн, хаагуур юу хийж яваа талаар нь анхаарал хандуулан, болзошгүй эрсдэлээс сэрэмжлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.