Б.Хурц бол “Хурц” билээ

Б.Хурц бол “Хурц” билээ

“Ерөнхий сайд намайг тархиа амраагаад ир гэсэн”. Энэ бол түүний “Ценьзургүй яриа” нэвтрүүлэгт том бор цүнхтэйгээ ирж, яриа өгөхдөө хэлсэн үг нь юм.   Тухайн үед тэрбээр БНСУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилогдохоор итгэмжлэлээ хүлээж байв.  Гэвч тэр элчингээр суугаагүй. Эдүгээ цагдан хоригдоод байна.

Цагтаа Б.Хурц байнгын хорооны хуралдааны үеэр нэр бүхий улс төрчдийн цаашдын карьерт ихээхэн халтай байж болох зүйлсийг цухас дурдаад, “Цааш нь ярих уу, яах уу” гэж цээж түхийлгэн инээж суусан нэгэн. АТГ-ын дэд дарга, ТЕГ-ын даргаар ажиллаж байх хугацаандаа улс төрийн хүрээний хамаг л чухал мэдээллүүдээр цэнэглэгдсэн нэгэн тул түүнээс улс төрчид ихээхэн эмээдэг.

Тиймээс ч “Б.Хурцыг саатуулах  цаг үе бас ирдэг байжээ” гэж өчигдөржин өөр зуураа цуурцгаав. Түүнийг С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх хэрэгт хамааруулан, хойшлуулшгүй ажлын хүрээнд саатуулжээ. Үргэлжлүүлэн хорих саналаа прокуророос шүүхэд хүргүүлээд буй.

Тэгэхээр одоо шүүхээс Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч, генерал Б.Хурцыг саатуулан, шалгах эсэхийг шийдвэрлэнэ гэсэн үг.  Шүүхээс ямар  шийдвэр гарлаа ч нэгэн үес чимээгүй, нам гүмхэн байсан Б.Хурц олон нийт, хууль шүүх, хэвлэлийн хараанд дахин орж ирлээ.Тэрбээр чимээгүй байх хугацаандаа агаарын тээврийн чиглэл дэх бизнесийн ажилдаа анхаарч, улс төрийн хүрээнээс харьцангуй хол байсныг эх сурвалжууд тодотгодог.

Нөгөө талд “Хуулийн болоод улс төрийн дархлаатай” гэгддэг Б.Хурцыг саатуулсан нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн нөлөөлөл ямар өндөр болсныг илтгэв. Хэдийнээс нааш тэр Б.Хурцтай ил, далд толхилцсоор ирсэн. Одоо хүчтэй үедээ түүнийг намнаж авах, цаашлаад эрүүдэн шүүгдсэн нь ил тодорхой болсон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг чөлөөлөхөд томоохон хөшүүрэг хийхээр төлөвлөсөн гэсэн үг.

Өндөр түвшинд бэлтгэгдсэн тагнуулч гэдгээрээ алдартай Б.Хурцын хувьд саатуулан шалгах ажиллагааны өмнө нугарах уу. Цаашлаад мэдүүлэгтээ юуг дурдаж болох уу. Түүнийг “оролдсон”-оороо улс төрчдөд халгаатай байдал бий болох уу. Өөртөө хуулийн хамгаалалт хэрхэн үүсгэх вэ. Түүнийг шалгах асуудалд хуулийн байгууллага дотооддоо хэрхэн хандах уу гэхчлэн олон асуултууд хариулт нэхэж буй.

Ямар байлаа ч Б.Хурц бол “Хурц” билээ. Б.Хурцыг шалгаснаар олон асуудлыг ээдрээ тайлагдаж, МАНАН бүлэглэлийн нууцууд зад үсрэх үү. Эсрэгээрээ шинэ МАНАН бүлэглэлд томоохон эрсдэл үүсэх үү. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж эцсээ хүртэл улайрах уу. Зам дундаасаа бултаж, “чимээгүй” бултдаг зангаа дахин давтах уу гэдгийг ирэх өдрүүдэд илүү тодороо харж болох юм.

Ж.МЯДАГБАДАМ