С.Зоригийн хэрэг дэх “ОЙЛГОМЖГҮЙ ДҮР”

С.Зоригийн хэрэг дэх “ОЙЛГОМЖГҮЙ ДҮР”

С.Зоригийн аллагын ганц гэрч гэгддэг, түүний эхнэр Булган хэмээх энэ хатагтайг анх гэрчээр, дараа нь хамжигчаар тооцон шалгаад хэргийг хөөн хэлэлцэх хуулийн хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Үүний дараагаар Б.Булганыг С.Зоригийг хөнөөсөн хэрэгт захиалга өгсөн, хамтран зохион байгуулсан гэж сэжиглэн шалгаж эцэстээ нууц материалд гарын үсэг зуруулж дуусгасан.

-НӨХРИЙНХӨӨ ХЭРЭГТ ЯЛЛАГДАГЧ, СЭЖИГТЭН, ГЭРЧ ГЭХ ЯМАР Ч СТАТУСГҮЙ БОЛСОН Б.БУЛГАН-

Эцэстээ С.Зориг агсны хэрэг дэх хамгийн тодорхойгүй дүр нь Б.Булган болоод байгаа юм. Өдгөө 21 жилийн өмнө болсон уг аймшигт хэрэгт Б.Булган цор ганц амьд гэрч бөгөөд цор ганц үнэнийг илчлэх дүр. Тэрээр хууль зүйн сайд Ц.Нямдоржид нэгэн захидал илгээж, уг захидалдаа Т.Чимгээ, Н.Содномдаржаа, Б.Амгаланбаатар нарыг нөхрийнхөө хэргийг хийсэн хүмүүс биш хэмээн бичсэн байдаг. Энэ нь явсаар саяхан тэднийг хорьж, цагдаж, мөрдөн шалгахдаа хууль бус эрүүдэн шүүлт хийж хэргийг үүрүүлсэн гэх дүгнэлт гарсан. Гэвч энэ их хэрэг явдал, он цаг өнгөрсний дараа цор ганц гэрч Б.Булган С.Зоригийг хөнөөсөн хэрэгт яллагдагч, сэжигтэн, гэрч гэх ямар ч статусгүй байгаа нь ойлгомжгүй дүр болсоор байгаа юм.

-АМЬД ГЭРЧ ХЭДИЙ Ч ТҮҮНИЙ ҮГ ҮЙЛДЭЛ ШҮҮХИЙН ШИЙДВЭРТ ГОЛ НӨЛӨӨ ҮЗҮҮЛЭХҮЙЦ БУС БАЙДАЛ-

Мөн хууль зүйн сайд Ц.Нямдорж түүний талаар ярихдаа цорын ганц гэрч Б.Булганыг шүүх хуралд оруулаагүй. Бараг жил шахам энэ хүнийг хориод, хэрэгсэхгүй болгож сулласан. Дараа нь шүүх хуралд оролцуулаагүй. Гэсэн атал Б.Булганы ам зургаар хүмүүст ял оноож, бүх насаар нь хорьсон. Гэрч нь амьд байсаар байтал үгийг нь сонсолгүй, шүүх хурал хийдэг ёс Монгол Улсад тогтсон. “Энэ хэрэгт нэр холбогдоод байгаа гурван хүн биш” гэдгийг Б.Булган хэлээд байсан учраас л шүүх хуралд оролцуулаагүй. Сүүлд энэ хэргийн бүх будилааныг хутгасан Г.Эрдэнэбат прокурор “Б.Булган хамжигч байсан юм шиг байна лээ. Гэтэл хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж хэлсэн.  Хамжигч байсан нь үнэн юм бол хөөн хэлэлцэх хугацаа нь одоо мөрдөгдөж байгаа хуулиар хугацаагүй байдаг юм. Хууль зүйн иймэрхүү мэдлэгтэй прокурор энэ хэргийг завхруулсан хэмээн ярьж байсан юм. Үүнээс үзэхэд хууль зүйн сайд нь хүртэл түүнийг яагаад шүүх хуралд оролцуулдаггүй талаар гайхаж, түүнд эсвэл бусдад асуудал байгааг илтгэж байгаа юм.

-Б.БУЛГАНЫ ТАЛААРХ МАРГААНТАЙ ДҮР ЗУРГУУД-

Бас нэгэн ойлгомжгүй зүйл нь Ардчиллын анхны 13-ын нэг болох Монголын ард түмний хянан шалгах хорооны дарга Д.Нинж нэгэн ярилцлагадаа  С.Зориг агсны эхнэр Д.Булганы талаар ийн ярьжээ. “1998 оны 10 дугаар сарын эцсээр Мөрдөн байцаах газарт С.Зоригийн гэргий Д.Булган албан ёсны мэдүүлэг өгсний дараа түүнд 20 сая төгрөг шилжүүлсэн талаар тухайн үеийн сонинуудад бичиж байсан. Мөн угаалгын өрөөнд хоригдон амаа даруулан боолгосон гэх алчуурыг нь буцаагаад түүнд зангидах гэхэд толгойны нь ард хүрэхгүй байсан талаар мөрдөн байцаагчид өнөөг хүртэл нотлон ярьдаг. Ер нь улс төрийн аллага болсон газар гэрчийг амьд үлдээсэн түүх дэлхийд огт байдаггүй хэмээн ярьсан байдаг. Энэ нь түүнийг маргаантай байдалд оруулж магадгүй гэрч гэх статусыг арилгасан ч байж болох юм.

Энэ мэт 21 жилийн турш С.Зоригийн хэрэгт ойлгомжгүй дүр болж, хэрэг шүүн таслагдаж, эзэн холбогдогчид илрээгүй байсаар. Эцэстээ цор ганц амьд гэрч Б.Булган нөхрийнхөө хэрэгт ямар ч статусгүй болсноор хэргийн үнэнийг илчлэхэд нөлөөлөх дүр болж чадах болов уу?

Эсвэл эцсээ хүртэл шүүхэд ямар нэг байдлаар нөлөө үзүүлж чадахгүй ойлгомжгүй гэрч буюу ойлгомжгүй дүр болсоор эцэслэгдэх ч юм билүү...

Ямартай ч хамгийн сүүлийн нөхцөл байдлаар С.Зоригийг хөнөөсөн хэрэгт захиалсан, зуучилсан, хамжсан хэргээр 3-4 хүнийг шалгаж байгаа гэнэ. Тэдэн дунд улс төрчид бий. Улс төрийн хүрээний нэг хүнийг захиалагч гэж үзэж хорьж шалгасан хэмээж байгаа юм.