ТОЙМ: 10 сая ам.долларын авлигачин сайд дээр 1.2 сая еврогийн авлигачин сайд нэмэгдсэн долоо хоног

ТОЙМ: 10 сая ам.долларын авлигачин сайд дээр 1.2 сая еврогийн авлигачин сайд нэмэгдсэн долоо хоног

Өнгөрч буй долоо хоногт улс орны амьдрал онцлох содон үйл явдлаар өрнүүн байлаа. Ялангуяа улс төрийн халуун үйл явдлууд өрнөсөн долоо хоног өнгөрлөө.

У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын нэг сайд 10 сая ам.долларын авлигын хэрэгт холбогдсон дуулиан намжиж амжаагүй, эзэн холбогдогч нь тодроогүй байхад дахин нэг сайд авлигын хэрэгт холбогдсон мэдээлэл гарлаа. Тодруулбал, Францын хөрөнгө оруулагч компани Монголын нэгэн сайдад 1.2 сая евро авлига өгсөн асуудал байгааг УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэвлэл мэдээллийн хэрэгслээр дурдсан байдаг. Улмаар авлига өгсөн компанийг Францын тал шалгаж байгаа гэсэн билээ.

10 сая.ам долларын авлигын дуулиан дэгдэхэд засгийн тэргүүн нь орон нутагт томилолттой явсан. Ерөнхий сайдыг ирэхээр авлигачин сайдын нэр тодорч, хариуцлага хүлээлгэх тухай дурдаж байв. Гэтэл бодит байдал дээрээ ерөнхий сайд нь ирээд ч, асуудал шийдэгдэх нь битгий хэл улам ойлгомжгүй болов. Учир нь АТГ шалгах ёстой авлигын хэргийг ХЗДХ-ийн сайдад хариуцуулж орхих нь тэр. Харин улсдаа авлигын хэргийг шалгах илрүүлэх, хариуцлага хүлээлгэх үүрэг бүхий АТГ гэх байгууллага нь “Манайд 10 сая ам.долларын авлигын хэргийн асуудлаар өргөдөл, гомдол ирээгүй” тиймээс манайд хамаагүй, шалгахгүй гэх ухааны юм ярьж байх жишээтэй. Тэгэхээр Монголд төрийн сайд нь авлига авсан ч, өгсөн ч АТГ шалгалтын ажиллагаа эхлүүлээгүй тухайгаа хээв нэг ярьж суусан юм.

-“ХӨГЖЛИЙН БАНК”, “ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРТ ХИЙСЭН ШАЛГАЛТЫН ДҮНГЭЭР ШОУДАВ-

Өнгөрч буй долоо хоногт өрнөсөн бас нэг онцлох үйл явдал нь ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Хөгжлийн банк”-нд хийсэн шалгалтын дүнг, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Эрдэнэт” үйлдвэрт хийсэн шалгалтын дүнг танилцуулсан юм.

Ингэхдээ ЗГХЭГ –ын дарга Л.Оюун-Эрдэнэ, “Хөгжлийн банкнаас олон ноцтой зөрчил илэрснийг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлнэ. Цаашид 20 тэрбумаас доош зээлийг гаргахгүй байхыг хоргилох хэрэгтэй” хэмээн мэдэгдээд байгаа. Тэрээр тус банкнаас их хэмжээний зээл авч эргэн төлөөгүй ААН-үүдийн жагсаалтыг ч мөн гаргаж, зарласан. Мөн “Хөгжлийн банк үйл ажиллагаагаа явуулж буй өнөөгийн байрыг зах зээлийн үнээс хэт өндөр үнээр худалдаж авсан, 2015-2016 оны хоорон ажиллаж байсан Хөгжлийн банкны удирдлагуудын хариуцлагагүй байдлаас болж банк их хэмжээний алдагдал хүлээсэн. Тухайн удирдлагууд зарим зээлдэгчид давуу байдал олгосон байж болзошгүй. Тухайлбал, нэг эзэнтэй банкууд их хэмжээний зээлийг авч байсан ч, эргэн төлөлт хийгдээгүй нөхцөл байдал илэрсэн. Гүйцэтгэх захирал мөнгөн хадгаламж байршуулах, буцаан төлөх гэх мэт их хэмжээний эрх мэдэл өөрөө өөртөө төвлөрүүлсэн” гэсэн билээ.

Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, “Эрдэнэт үйлдвэрт хийсэн шалгалтаар нийтдээ 39 зөрчил илэрсэн. Ашиг сонирхлын хэд хэдэн зөрчил байна. 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар хоёрхон аж ахуйн нэгж Эрдэнэт үйлдвэрээс 17.8 тэрбум төгрөгийн авлагатай байна. Аливаа гүйлгээг нэг, хоёрдугаар гарын үсгээр хийгддэг байтал олон хүнд эрх олгосон. Дарханы хар төмөрлөгийн үйлдвэртэй гэрээ хийж, 103.6 тэрбум төгрөгийн урьдчилгааг авсан. Гадагшаа гаргаж байгаа зэсийн сорьцыг Гаалийн төв лабораторит хийлгэлгүй хувийн байгууллагаар тогтоолгодог бөгөөд 1.4 тэрбум төгрөгийн гаалийн татварын зөрчилтэй. Нийт 2300 гаруй байгууллагатай гэрээ байгуулснаас 1400 гаруй гэрээг шууд замаар буюу сонгон шалгаруулалтгүйгээр байгуулсан. Үүнээс гадна стандарт банктай холбоотой 40 сая ам.долларын асуудал бий. Үүнийг буруутай этгээдээр нь төлүүлэх шийдвэр гаргасан” гэсэн юм.

Ийнхүү сайд дарга нар нь баахан шалгалтын ажиллагаа явуулж, бөөн зөрчил илрүүлснээ сүр дуулиантайгаар зарлав. Одоо асуудал цаашаа хэрхэн өрнөж, хууль хяналтын байгууллага хэрхэн хурдан шуурхай шалгаж, хэнд хариуцлага тооцох нь тодорхойгүй байна. Үе үе сайд дарга нар “шалгалт хийлээ, зөрчил илэрлээ” хэмээн зарладаг ч үр дүнд нь “барилаа, хорилоо, шалгалаа, суллалаа” гэдэг замаар замхардаг нь нууц биш. Дээрх хоёр асуудлын хувьд дарга нар нь шалгаж зөрчил илрүүлсэн болж шоудаад өнгөрөхгүй гэх баталгаа алга байна.

-ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА, С.ЭРДЭНЭТЭЙ НИЙЛЖ, У.ХҮРЭЛСҮХИЙН ЭСРЭГ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ-

Өнгөрөгч Лхагва гарагт АН-ын дарга С.Эрдэнэ Засгийн газрыг огцруулах нэг сарын улс төрийн акц зохион байгуулна гэж мэдэгдэв. Мөн  жагсаал цуглаан ч хийхээ зарласан. Ингэхдээ “Нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудалтай холбоотойгоор буюу мах болон бензин шатахууны үнэ өссөн, олон хүүхэд сүрьеэгийн халдварт өртсөн” зэрэг асуудлыг хөндөж шаардлага тавих юм.

Харин үүний дараа Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын нэгдсэн чуулганы индэр дээрээс АН-ын дарга С.Эрдэнэтэй  яг адилхан мэдэгдэл хийсэн. Тодруулбал, тэрээр “Миний бие 2018 оны аравдугаар сарын 29-ний өдөр УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон учир өөрөө тарах санал гаргаж байсан, түүнээс хойш хагас жил өнгөрөхөд УИХ-ын ёс зүй, чадвар дээшилсэнгүй.  Тиймээс уг саналыг дахин гаргаж, энэ парламентыг өөрөө тарах эрх зориг гаргана гэдэгт итгэж байна” хэмээн мэдэгдлээ.

Энэ нь “Ерөнхийлөгч Х.Баттулга АН-тай нийлж УИХ, Засгийн газар, ЗГ-ын тэргүүн МАН-ын дарга У.Хүрэлсүхтэй тэмцэж эхэллээ” гэсэн ерөнхий дүр зургийг харуулсан үйл явдал болсон юм. Ийнхүү хэсэг хугацаанд эвтэй байснаараа гайхуулж байсан  Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр түнжин хагарав уу гэх эргэлзээнд хүргэв. Ямар сайндаа л  Г.Занданшатар, У.Хүрэлсүх хоёр Ерөнхийлөгчид үйлчилдэг гэх яриа гарч байх вэ.

Х.Баттулга “УИХ өөрөө тарах эр зориг гаргана гэдэгт итгэж байна” гэж мэдэгдсэн. Энэ удаагийн УИХ хугацаанаасаа өмнө тарах нь зөв үү?

Нийт: 14 саналтай




Өнөөдөр нохой өдөр

2 цагийн өмнө