Улаанбаатар-Дарханы автозам дээр автомашины улсын дугаараа гээвэл 45 мянган төгрөгөөр ТОРГУУЛНА

Улаанбаатар-Дарханы автозам дээр автомашины улсын дугаараа гээвэл 45 мянган төгрөгөөр ТОРГУУЛНА

Тээврийн хэрэгслийн дугаараа хаяж гээгдүүлсэн тохиолдолд торгууль болон холбогдох бичиг баримтуудын хураамжийг төлж байж нөхөн авахаар Авто тээврийн үндэсний газар /АТҮГ/-ын журамд заажээ.

Тодруулбал, Автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар, гэрчилгээг нөхөн олгох тухай хуулийн 6.8-д "Улсын бүртгэлийн дугаарыг нөхөн олгох тохиолдолд улсын тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлс төлсөн баримтыг үндэслэн нөхөн олгоно" гэжээ. 

Тээврийн хэрэгслийн улсын дугаар нөхөн авахад бүрдүүлэх бичиг баримтын төлбөр

Ингэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлж, хүсэлт өгөх шаардлагатай болдог аж.

  • Бүртгэлийн мэдүүлэг
  • Иргэний үнэмлэх
  • Хүчингүй болгосон тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлуулсан баримт
  • Улсын дугаараа дахин авах тухай хүсэлт
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг бүрдүүлдэг байна.

Ингээд Авто тээврийн газарт торгуулийн мөнгө болох 45000 төгрөг төлж, гээсэн улсын дугаараа хэвлэлүүлэх 25000-50000 төгрөгийг төлж авдаг байна.  Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 14.7.12 зааснаар Улсын бүртгэлийн дугааргүй, тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж тус тус заажээ.

Тэгвэл уг журам Дарханы замд ч үйлчилсээр байгаа нь иргэдийн дургүйцлийг төрүүлээд байна. Учир нь сонгууль болгоноор засна гэж яригддаг ч хийгдсэн ажилгүй, жил ирэх тусам нөхцөл байдал нь муудсаар байгаа уг замд эрдэнэт хүний амь, эд хөрөнгөөрөө хохирсон иргэд цөөнгүй бий.

Гэтэл Улаанбаатар-Дархан чиглэлийн дэржигнүүр ихтэй, бартаат замаар зорчих явцдаа тээврийн хэрэгслийн улсын дугаараа гээж үрэгдүүлсэн тохиолдолд дээрх журмын дагуу торгууль төлж, холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлж, цаг заваа үрэн байж автомашины улсын дугаарыг сэргээлгэн авах аж.

Дарханы замын нөхцөл байдал 2022 оны наймдугаар сар

Өөрөөр хэлбэл, Зам тээврийн аюулгүй байдлыг хангаж өгөөгүй байж, гарч болох эрсдэлээс торгууль авч буй нь иргэдэд хүндрэл болж байна. Иргэн автомашины улсын дугаарыг санаатайгаар унагаж гээгдүүлнэ гэж байхгүй биз. Гэтэл замын эвдрэл, гэмтлээс үүдэлтэй энэ мэт асуудал дээр торгууль авч, хэдийнээ бүртгэлтэй бичиг баримтуудыг нэхэмжилж, торгож буй энэ мэт утгагүй журамд зохицуулалт хийх зайлшгүй шаардлагатай болжээ.