Богд уулнаас тарвага агнаад баригдсан иргэн Б: Тарвага барьж болдоггүй гэдгийг мэдээгүй, идэх гэж агнаад цагдаад баригдчихлаа

Богд уулнаас тарвага агнаад баригдсан иргэн Б: Тарвага барьж болдоггүй гэдгийг мэдээгүй, идэх гэж агнаад цагдаад баригдчихлаа

Дархан цаазат Богд хан уулын Жаргалантын ам орчимд хууль бусаар тарвага агнаж байсан этгээдийг Экологийн цагдаагийн албанаас илрүүлсэн талаар цагдаагийн байгууллагаас өчигдөр /2022.08.02/ мэдээлсэн билээ. Тэгвэл бид хууль бусаар тарвага агнаж байсан иргэн ямар зорилгоор тарвага агнаж байсан, энэ тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэдэг талаар сурвалжиллаа.

ВИДЕО:

Хан-Уул дүүргийн харьяат 42 настай, эрэгтэй, Б нь Богд хан уулын Жаргалантын ам орчмоор хууль бусаар тарвага агнаж байгаад Экологийн цагдаагийн албаны алба хаагчдад баригдсан байдаг. Тухайн иргэн нь гар хийцийн ТОЗ-8 маркийн буу, төмөр утсаар хийсэн урхи зэргийг ашиглаж, тарвага барьдаг байсан аж.

Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалаар гурван жилийн хугацаанд тарвага агнахыг хориглосон. Үүнтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд тарваганы махны үнэ эрчимтэй өсч, тансаг хэрэглээ болоод буй. Магадгүй үүнээс шалтгаалан иргэд хууль бусаар тарвага агнах явдал гарах болсон. Харин энэ сарын нэгний өдөр Богд ууланд тарвага агнаж байгаад баригдсан иргэн Б нь энэ талаар ийн өгүүлэв.  

-“ХӨДӨӨНӨӨС АХЫНДАА ИРЭЭД БОГД УУЛАНД ТАРВАГА БАЙДАГ ГЭХЭЭР НЬ ИДЭХ ЗОРИЛГООР АГНАСАН”-

Тэрбээр "Би Өмнөговь аймгаас Улаанбаатар хотод ахындаа ирээд байгаа юм. Тэгээд Богд ууланд тарвага байдаг гэхээр нь алахаар урхи тавьж байгаад Экологийн цагдаагийн алба хаагчдад баригдсан. Одоо энэ талаараа байцаагдаж байна. Богд ууланд ан хийж болдоггүй гэдгийг мэдээгүй. Энэ нь буруу юм байна гэдгийг сая л ойлголоо" хэмээсэн юм. Харин түүнээс ямар зорилгоор тарвага агнаж байсныг тодруулахад  "Миний хувьд олон удаа тарваганд явж, барьж, зарсан зүйл байхгүй. Үнэ ханшийг нь бол мэдэхгүй. Идэж үзэхээр нэг удаа яваад баригдчихлаа. Тарвага бол нүх болгон дээр байх шиг байна лээ. Уулаар явган хүмүүс байнга явж байдаг болохоор нь хамаагүй байдаг юм байх гэж бодсон" гэдгийг онцолж байсан юм. Мөн тэрбээр "Ард иргэддээ анхааруулж хэлэхэд Богд ууланд урхи, хавх нь хориотой юм байна шүү гэдгийг  анхааруулж хэлмээр байна" гэв.  

Дархан цаазад газраас хууль бусаар тарвага агнасан тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэдэг талаар Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Г.Лхамаас тодрууллаа. 

-Г.ЛХАМ: ХУУЛЬ БУСААР БОГД УУЛНААС ТАРВАГА АГНАХААР ТАВЬСАН УРХИ БОЛОН ТӨМӨР УТСЫГ ХУРААСАН-

Тэрбээр "Экологийн цагдаагийн албанаас Богдхан уулын Дархан цаазат ууланд хяналт шалгалтыг үргэлжлүүлэн ажиллаж байна. Хан-Уул дүүргийн наймдугаар хороо Богд хан уулын Дархан цаазат Жаргалантын ам гэдэг газарт хавх, урхи тавилаа. Хууль бусаар тарвага агнах гэж байна гэсэн иргэний мэдээллийн дагуу Экологийн цагдаагийн албанаас шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Шалгалтаар хураан авсан урхи болон төмөр утсыг байгаль хамгаалагчаар авхуулах ажиллагаа явагдаж байна. Зөрчлийн тухай хуулийн 7-гийн 17 дугаар зүйлд зааснаар тусгай хамгаалалттай бүс нутагт хориглосон зүйл ажиллагаа явуулсан бол хариуцлага тооцно гэж заасан байдаг.

Мөн тарвагыг буугаар хөнөөсөн тохиолдол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан. Мөн БОАЖ-ын сайдын 2021 оны 193 дугаар тогтоолоор тарвагыг үйлдвэрийн болон ахуйн агнахыг гурван жилийн хугацаанд агнахыг хориглосон. Иймд ард иргэд та бүхэн тарвагыг үйлдвэрийн болон ахуйн зориулалтаар агнахгүй байхыг анхааруулж байн" гэсэн юм. Ямартай ч орон нутгаас ирсэн гэх Хан-Уул дүүргийн иргэн нь "идэх зорилгоор" хэмээн Дархан цаазат Богд хан уулнаас хууль бусаар тарвага агнах гэж байгаад баригдсан байна. 

Зөрчлийн тухай хуулийн 24.5 дугаар зүйл.Хууль бусаар ан агнах:

  • 1.Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.