Цагдаагийн байгууллагад энэ оны долдугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо 22-ын товчоо Шинэ авто худалдааны цогцолборын ойролцоо "Каргоноос болж хүмүүс маргалдаад байна" гэх дуудлага мэдээлэл ирүүлсэн.
Каргогоор ирсэн ачаатай холбоотой асуудалд харъяаллын дагуу Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст шалгалтын ажиллагаа явуулахад гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдоогүй тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналыг дүүрэг дэх прокурорын газарт хүргүүлсэн.
Турк улсын иргэд буутай явдаг, турк жолоочтой ачааны машинд нь буу байж болзошгүй гэх мэдээлэл ирүүлснийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад БНТУ-ын иргэний биеэс болон автомашинаас ямар нэгэн галт зэвсэг болон галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл илрээгүй, харин шалгалт хийж байсан цагдаагийн алба хаагчийг автомашины суудал дээр гутлаараа гишгэлээ гэх шалтгаанаар араас нь нулимсан үйлдэлд 2022 оны наймдугаар сарын 02-ны өдөр Зөрчлийн тухайн хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар 250 нэгжтэй тэнцэх 250.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.
15.2 дугаар зүйл. Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах
- 1.Төрийн албан хаагч, эсхүл улсын байцаагчийн эрхтэй этгээдийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор:
- 1.1.тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг бусдад уриалсан;
- 1.2.хууль ёсны дагуу шаардсан холбогдох мэдээ, мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл санаатайгаар худал мэдээлэл өгсөн, эсхүл төөрөгдүүлсэн;
- 1.3.хийсэн үйл ажиллагаанд нь саад учруулсан, эсхүл хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Хууль сахиулах чиг үүргийг хэрэгжүүлж байгаа:
- 2.1.төрийн албан хаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг уриалсан;
- 2.2.төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд нь саад учруулсан;
- 2.3.төрийн албан хаагчийг хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн, эсхүл доромжилсон бол хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Тайлбар: Энэ хуульд заасан "хууль сахиулах чиг үүрэг" гэж цагдаа, тагнуул, гааль, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны болон авлигатай тэмцэх, хил хамгаалах, гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн байгууллагын алба хаагчийн хуульд заасан чиг үүргийг ойлгоно.