МУГЖ, дуучин Т.Ариунаа Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, “Зуун билэг” дунд сургуулийн ойролцоо 15 давхар барилгыг "Барилга барих зөвшөөрөлгүйгээр барьж эхэлсэн" талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
ВИДЕО:
-ШШГЕГ-ЫНХАН АЖИЛ ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ ЧАДАХГҮЙ БАЙНА-
Тэгвэл тус барилгыг зогсоох шүүгчийн захирамж гарч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхан тус барилгын үйл ажиллагааг зогсоохыг удаа дараа үүрэгдсэн ч барилга өнөөдрийг хүртэл баригдсаар байна. Тодруулбал ШШГЕГ-аас хамгийн сүүлд энэ оны долдугаар сарын 4-ний өдөр тус барилга дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа зохион байгуулсан байна. Ингэхдээ барилгын үйл ажиллагааг шүүгчийн захирамжийн дагуу зогсоохыг үүрэгдэж, уг барилгыг цахилгаан, эрчим хүчээр хангахгүй байхыг холбогдох газарт нь мэдэгджээ. Гэвч барилгын үйл ажиллагаа үргэлжилсээр барилгыг зургаан давхар хүртэл нь барьж, цутгалтыг нь хийгээд байгаа юм.
Монгол Улсын хууль тогтоомжийг уландаа гишгэж, мэргэжлийн байгууллагаас өгсөн үүрэг даалгаврыг үл биелүүлэн үйл ажиллагаагаа явуулсаар буй тус барилгын захиалагч нь МУГЖ, дуучин Т.Ариунаа. Харин гүйцэтгэгчээр нь “Архидеа” ХХК ажиллаж байгаа юм.
-БАРИЛГЫН МАТЕРИАЛ АЙЛЫН ГАРААШНЫ ДЭЭРЭЭС УНАЖ, ДЭЭВРИЙГ НЬ ЦӨМЛӨЖЭЭ-
Тэд тухайн барилгыг зөвшөөрөлгүй бариад зогсохгүй ойр орчимд нь амьдардаг иргэдийн эрүүл мэнд, амь насанд заналхийлж байна гэдгийг ч иргэд хэлж байна. Тодотговол, барилгын кран нь иргэд зорчих газраас 1-5 метр зайтай байх норм дүрэмтэй ч үүнийг зөрчиж, иргэдийн амьдарч байгаа орон сууцтай хаяа нийлүүлэн байрлуулж, орон сууцны дээгүүр нь үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Мөн барилгын хөдөлмөр аюулгүй байдлын норм дүрмийг баримталж ажилладаггүйгээс иргэдийн амьдарч буй орон сууцны дээрээс барилгын төмөр, мод унах тохиолдол ч ихээр гарах болсон байна.
Тухайлбал тус барилгатай хаяа дэрлэн байрлах айлын гараашны дээвэр дээр барилгын төмөр унаж, дээврийг нь цөмлөж, олон тооны хавтан мод унаж иржээ. Азаар тухайн үед айлын эзэд гэртээ байгаагүй байна. Хэрэв барилгаас унасан эд зүйлсэд хүний дээрээс унасан бол эрүүл мэнд, амь насаа алдах эрсдэлтэй байсан гэдгийг оршин суугчид хэлж байлаа. Тиймээс ч эл асуудлыг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст мэдэгдэж, улмаар тэмдэглэл хөтлүүлсэн байна. Харин цагдаагийн байгууллагын алба хаагчид барилга барьж буй хүмүүст сануулах арга хэмжээ авч, дахин эл мэт зөрчил давтагдвал дараа дараагийн шатны арга хэмжээг авах болно гэдгийг хэлжээ.
-ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАРИЛГААС ҮҮДЭЖ ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНД, АМЬ НАС ХОХИРВОЛ ХАРИУЦЛАГЫГ НЬ Б.МӨНХБААТАР САЙДААС НЭХНЭ ГЭВ-
Энэ мэтээр Монгол Улсын хууль тогтоомжийг уландаа гишгэж, үл тоомсорлон барьсаар буй эл барилгын үйл ажиллагаа цааш энэ мэтээр үргэлжилсээр эцэст нь иргэдийн эрүүл мэнд, амь нас хохирвол хариуцлагыг салбарын сайд Б.Мөнхбаатараас нэхэх болно гэдгийг иргэд хэлж байна. Оршин суугчид "Бид Засгийн газрын 11-11 төвд болоод холбогдох газруудад нь хандсан. Энэ ч шугамаар шүүгчийн захирамж гарч, ШШЕГ-ын шийдвэр гүйцэтгэгч ирж ажилласан. Тэглээ гээд энэ барилгынханд нөлөөлж байгаа зүйл алга. Анх барилгын 2 давхрыг барьж байхад нь шүүгчийн захирамж гарч, зогсоохоор болсон. Гэтэл өнөөдөр 6 давхар хүртэл нь бариад байна. Барилга барьж, бариулж байгаа хүмүүс барилгаа хурдан барихын тулд хууль дүрэмгүй ажиллаж байгаа нь иргэдийн эрүүл мэнд амь насыг эрсдэлд оруулахаар байгаа юм. Тиймээс энэ ямар нэгэн зүйл болбол бүх хариуцлагыг Б.Мөнхбаатар сайдаас нэхэх болно" гэсэн юм. Ямартай ч МУГЖ, дуучин Т.Ариунаагийн гэх үйлчилгээний 15 давхар барилгын ажил зөвшөөрөлгүй эхэлж, өнөөдөр 6 давхар хүртлээ баригдаад байна.