Улаанбаатар хотыг бөөгнөрүүлж бус, тэлж хөгжүүлэх ёстой гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж, энэ ч үүднээс хотын дарга Д.Сумъяабазар нийслэлийн төвд зургаан давхраас дээш өндөртэй барилга бариулахгүй гэдгээ хэлсэн. Гэтэл түүний эл үгийн чимээ намжиж амжаагүй байхад олны танил, улс төрд нөлөө бүхий эрхмүүд олон давхар барилга барьж, Улаанбаатарыг бетон ширэнгэ болгосоор байгаа талаарх мэдээллийг бид өмнө нь удаа дараа хүргэж байсан билээ.
ВИДЕО:
-МУГЖ Т.АРИУНАА ХАН-УУЛ ДҮҮРЭГТ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ 15 ДАВХАР БАРИЛГА БАРЬЖ ЭХЭЛЖЭЭ-
Тэгвэл бид энэ удаад Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороонд зөвшөөрөлгүй баригдаж буй МУГЖ, Дуучин Т.Ариунаагийн гэх тодотголтой барилгын талаарх мэдээллийг онцолж байна. Тодруулбал, Т.Ариунаа нь 2021 оны зургадугаар сарын 30 /2021.06.30/-ны өдөр Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 115 дугаар сургуулийн зүүн талд үйлчилгээний зориулалттай барилга барих Архитектур төлөвлөлтийн даалгавар авчээ.
Харин энэ оны дөрөвдүгээр сарын 1 /2022.04.01/-ний өдөр Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороонд “Иргэн Т.Ариунаа”-ийн үйлчилгээний барилга гэх загвар зургийг Нийслэлийн ерөнхий архитектор Н.Нацагдоржоор батлуулсан байна. Уг загвар зурагт тухайн барилга нь “Зуун билэг” дунд сургуулийн хажууд байрлах бөгөөд үйлчилгээний зориулалттай барилга барих Архитектур төлөвлөлтийн даалгавар анх авсан байрлалаас хагас километр орчмын зайд болж өөрчлөгджээ.
Улмаар энэ оны дөрөвдүгээр сард эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй барилга угсралтын ажлаа эхлүүлсэн байна. Тиймээс Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар /НМХГЮ-аас барилгын үйл ажиллагааг зогсоох үүрэг даалгавар өгч, Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцсон аж.
Улсын байцаагч “Дээрх зөрчил нь чанаргүй барилга байгууламж баригдах, зэргэлдээ орших барилгын ашиглалтад сөргөөр нөлөөлөх, зөрчлийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд бусаар хохирол учруулж болох нөхцөл байдал үүссэн” гэж дүгнэсэн байна. Гэвч тухайн барилгыг барьж буй компани нь улсын байцаагчийн албан даалгаврыг үл тоомсорлож, үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байжээ. Тиймээс НМХГ-аас Захиргааны хэргийн шүүхэд хандсан байна.
Улмаар шүүхээс барилгын үйл ажиллагааг зогсоож, торгуулийг төлүүлэх шүүгчийн захирамж гаргажээ.
Тодруулбал, “Иргэн Т.Ариунаа”-гийн эзэмшлийн барилгын зөрчлийн үр дагаврыг арилгуулах тухай эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг биелүүлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлэх”-ийг шүүгчийн захирамжид онцолсон байна. Тиймээс ч энэ дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч тус барилга дээр ажиллаж, үйл ажиллагаагаа зогсоохыг үүрэгджээ.
Тухайн үед барилгын компанийнхан “Хууль зөрчсөн нь бидний буруу. Үйл ажиллагаагаа зогсооно” гэдгээ мэдэгдэж байсан ч өнөөг хүртэл зөвшөөрөлгүй барилгаа барьсаар байгаа аж. Харин энэ нь МУГЖ, дуучин Т.Ариунаагийн барилга учир ийнхүү хууль дүрэм үйлчлэхгүй байж магадгүй байна. Гавьяат нэг хэсэг хуулийн байгууллагыг шүүмжилж байснаа чимээгүй болсон. Энэ нь ч уг барилгатай холбоотой байх гэх хардлагыг төрүүлж байгаа талаар тухайн барилгын ойролцоо амьдарч буй оршин суугчид бидэнд мэдээлсэн юм.
Тухайн 15 давхар барилга баригдсан тохиолдолд тэр хавийн барилгын дулааны асуудал хүндэрч, ирэх өвөл тэр хавийн барилгууд дулаангүй болох эрсдэл үүсэх аж. Мөн зөвшөөрөлгүй тавигдсан кран нь унах эрсдэлтэй үүсээд байгаа юм байна. Учир нь барилгын кран нь иргэд зорчих газраас 1-5 метр зайтай байх норм дүрмийг зөрчжээ. Гэвч эл байдал өдгөө ч үргэлжилсээр, иргэдийн амь нас, эрүүл мэнд эрсдэх нөхцөл байдалтай байгаа учир уг асуудлыг холбогдох мэргэжлийн байгууллага, албан тушаалтан нь анхаарал шаардлагатай байна.