МИАТ: Франкфурт хотын нисэх буудалд зорчигчдын ачаа тээш хоцрох, алдагдах зэрэг хүндрэл гарч байгаад хүлцэл өчье

МИАТ: Франкфурт хотын нисэх буудалд зорчигчдын ачаа тээш хоцрох, алдагдах зэрэг хүндрэл гарч байгаад хүлцэл өчье

МИАТ компаниас дараах мэдэгдлийг гаргажээ. Мэдэгдэлд: 

“Эрхэм Зорчигчид оо

Дэлхий нийтийг хамарсан “COVID-19” цар тахлын нөлөөгөөр хоёр жил гаруй хугацаанд зогсонги байдалд орсон агаарын тээврийн салбарын үйл ажиллагаа аажмаар сэргэж байгаа энэ үед олон улсын авиа компаниуд ажиллах хүн хүчний хомсдолд орж, улмаар нислэг үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж байгаагийн нэг тод жишээ нь ХБНГУ-ын Франкфурт хотын Фрапорт олон улсын нисэх буудал болж байна.

МИАТ ТӨХК тус хотын чиглэлд долоо хоногт таван удаа нислэг үйлдэж байгаа бөгөөд зорчигчдын ачаа тээш хоцрох, алдагдах зэрэг хүндрэл гарч байгаад Та бүхнээс гүнээ хүлцэл өчье. 

МИАТ ТӨХК нь Фрапорт нисэх буудлын Газрын үйл ажиллагааны компанитай нягт хамтран ажилладаг бөгөөд аялал жуулчлалын эрэлт хурдтай өсч байгаа энэ үед зорчигчдын ачаа тээшний саатлыг арилгах, үйл ажиллагааг тогтворжуулахаар хичээн ажиллаж байгаа ч хүний нөөцийн хомсдолоос үүдэлтэй энэхүү саатал нь цаашид ч үргэлжлэх магадлалтай байна.

Фрапорт нисэх буудлын удирдлага нислэг саатлын талаар хийсэн Хэвлэлийн бага хурал дээр “Цар тахлын нөлөөгөөр 4000 ажилтанаа үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бөгөөд зорчигч урсгалын оргил ачааллын үед Газрын үйл ажиллагааны 1000 ажилтан шинээр авсан ч энэ мэт үйл ажиллагааны доголдол ойрын 2-3 сар үргэлжлэх төлөвтэй байна” гэж мэдэгджээ.

Иймд дээрх нөхцөл байдлын улмаас ачаа тээш саатаж байгаад дахин уучлалт хүсэхийн зэрэгцээ бодит нөхцөл байдлыг ойлгохыг хүсье. МИАТ ТӨХК-ийн зүгээс Франкфурт болон бусад чиглэлийн ачаа тээшний саатлыг арилгахын төлөө боломжит бүхий л хэлбэрээр ажиллаж байна. 

Хүндэтгэсэн,

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК”