ТОДРУУЛГА: ХХБ-наас $2 саяыг залилсан Б.Бямбадоржийг НЭГ САР цагдан хорихоор шийдвэрлэжээ

ТОДРУУЛГА: ХХБ-наас $2 саяыг залилсан Б.Бямбадоржийг НЭГ САР цагдан хорихоор шийдвэрлэжээ

Худалдаа хөгжлийн банк /ХХБ/-наас хоёр сая ам.доллар залилсан Б.Бямбадоржийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвжилжилж байсан бөгөөд /2022.03.28/ энэ сарын 07-ны өдөр Ховд аймагт орогнон нуугдаж байсныг олж дайчлан баривчилсан байдаг. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл түүнийг цагдан хорьсон эсэхийг албаны эх сурвалжаас тодруулахад "Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан Б.Бямбадоржид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн байдаг. Үүнийг тус шүүх 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Боржигон овогт Бямбаагийн Бямбадоржийг олж илрүүлсэн өдрөөс 1 сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэсэн бөгөөд энэ шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байна" гэлээ. 

Хэргийн талаар эргэн сануулахад, Бямбаагийн Бямбадорж нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шангрилла Молл” худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг Худалдаа хөгжлийн банкны 432 дугаар салбараас 2021 оны тавдугаар сарын 25-ны өдөр “Эрдэнэ Лайт” ХХК-ны бичиг баримтыг хуурамчаар үйлдэж тус байгууллагын данснаас 2,000,000 /хоёр сая ам.доллар/-ыг залилан бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдоод байх үедээ оргон зайлаад байсан юм. Түүнийг энэ сарын 07-ны өдөр Ховд аймагт орогнон нуугдаж байсныг олж дайчлан баривчилсан байдаг.