Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотноо зохион байгуулагдаж буй Дэлхийн аялал жуулчлалын салбарын бага хурал (World Tourism Industry Conference 2022), 37 дахь удаагийн Сөүлийн олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн (The 37th Seoul International Travel Fair)-д тус тус оролцож байна.
Дээрх арга хэмжээнд нийт 40 гаруй улсын 250 төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд “Аюулгүй аялал жуулчлал”, “Эко аялал жуулчлал” сэдвээр зохион байгуулагдсан аялал жуулчлалын сайд нарын форумын үеэр дэд сайд Г.Түвдэндорж Монгол Улсын аялал жуулчлалын салбарт хэрэгжүүлж байгаа бодлогын тухай танилцуулж, арга хэмжээнд оролцож буй улс орнуудтай харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлж ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийллээ.
Мөн БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж бага хурлын үеэр БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын сайд ноён Пак Бо Гён, Камбожийн Хант Улсын Аялал жуулчлалын дэд сайд ноён Тонг Ратасак, БНСУ-ын Аялал жуулчлалын холбоо (Korea Tourism Association)-ны дарга ноён Юн Ёонг Хо нартай уулзаж аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Дэд сайдаар ахлуулсан багийн бүрэлдэхүүнд БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлогыг зохицуулах газрын мэргэжилтэн Н.Болормаа, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Б.Батцэцэг нар ажиллаж байгаа юм.