“Рио Тинто”-г олон улсын хуулийн фирм шалгаж эхэллээ

“Рио Тинто”-г олон улсын хуулийн фирм шалгаж эхэллээ

ХАМТРАН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ “ТУРКОЙЗ ХИЛЛ” КОМПАНИ “РИО ТИНТО”-Г ШАЛГУУЛАХ ГОМДЛЫГ ХҮРГҮҮЛСЭН ГЭЛЭЭ

5.3 тербум ам.долларын үнэлгээтэй Монголын зэсийн нөөц дээр тоглолт хийж буй “Рио Тинто”компанийн үйл ажиллагааг “Бейкэр МакКензи” олон улсын хууль зүйн фирм шалгаж эхлэв.Гадны хэвлэлүүд Рио “Оюу Толгой” төсөлд хамтран хувьцаа эзэмшдэг “Туркойз Хилл”-ийнхэнтэй сүүлийн жилүүдэд таагүй харилцаатай болоод байсныг онцолж байгаа бөгөөд, үүний улмаас дээрх шалгалт явагдах болсон хэмээн бичиж байна.

“Оюу Толгой” төсөлд өмнө нь хамтран ажиллаж байгаад больсон үл мэдэгдэх хүмүүс “Бейкэр МакКензи” хууль зүйн фирмд “Рио Тинто”-ийн талаар гомдол хүргүүлсэн, үүний мөрөөр мөрдөн шалгах ажиллагаа явагдаж эхлээд буй гэх эх сурвалжийн мэдээлэл байгаа аж.

“Туркойз Хилл” компанийн зүгээс Рио-Тинто сүүлийн жилүүдэд “Оюу Толгой” төсөлд хувийн зүгээс хэт их нөлөөлөх болсон, мөн хувьцаа эзэмшигчдэд шаардлагатай мэдээллүүдийг өгөхгүй хав дарах болсон гэх гомдлыг хүргүүлсэн нь ил болсон юм. Тэдний хувьцаа өнгөрсөн долоо хоногт 2008 оноос хойших хамгийн муу хэмжээгээр үнэлэгджээ.

“Рио Тинто” компани “Оюу Толгой”-г цаасан дээр бүхлээр нь эзэмшдэггүй хэдий боловч ерөнхий удирдагч, зохион байгуулагчийн үүргийг гүйцэтгэдэг хэмээн олон улсын шинжээчид хардаг. “Туркойз Хилл” компанийн хувьцааны 50.79 хувийг Рио дангаараа эзэмшдэг төдийгүй, энэ нь нийт “Оюу Толгой” төслийн 66 хувь болдог байна.

РИО-ТИНТОГИЙН ГАРГАСАН ТООЦООГҮЙ, ХАРИУЦЛАГАГҮЙ МЭДЭГДЛҮҮД

Геологийн нэр бүхий асуудлууд гарч ирсний улмаас далд уурхайн анхны бүтээгдэхүүн гарч эхлэх хугацаа есөн сараар хойшлох болсон байгаа гэх мэдэгдлийг Рио өнгөрсөн оны аравдугаар сард хийсэн юм. Дараа нь шинэ оны хоёрдугаар сард, хад чулууны хатуулгийг өмнө нь буруу тооцоолсон байсан учир төсөлд “зайлшгүй шаардлагатай өөрчлөлт”-үүд шинээр хийх хэрэгтэй болоод байна гэсэн хариуцлагагүй мэдэгдлийг цацсан.

Ойрхон хугацаанд хийсэн дээрх хоёр мэдэгдлийн цаана, төсөлд шаардлагатай хөрөнгө мөнгө байх ёстой хэмжээнээсээ даруй хөөрөгдөх, уурхайн ажил мөн дагаад хойшлох асуудлууд бий болж байгааг судлаачид онцолж байлаа.

Томоохон төслийн үйл явцад өөрчлөлт гарах төлөв ажиглагдвал цаг алдалгүй мэдээлэх ёстойг Рио Тинто хуучны туршлагаараа тун сайн мэднэ. Мозамбекид нүүрс олборлож байхдаа нутгийн байгаль орчны асуудал цааш уурхайн ажил явагдах боломжүй болтлоо доройтсон байгааг хувьцаа эзэмшигчдэд зохистой цагт нь мэдээлээгүй таг нуусан нь 2011 он. Үүний улмаас АНУ-ын аюулгүй байдал, арилжааны зөвлөлөөс Рио Тинтод торгууль ноогдуулж байсан юм.

Рио “Оюу Толгой”-н далд уурхайн геологийн хайгуул судалгааг хийж, “нүхлэх технологийн шаардлагыг хангаж байгаа, боломжийн” гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Харин энэ оны эхээр, газрын гүний давхарга дахь хад чулуулгууд далд уурхайн дэд бүтэц, хүнд тоног төхөөрөмжүүдийг даах эсэх нь эргэлзээтэй байгаа гэдэг нэгэнт ил болсон.

“Рио Тинто”-гийн гүйцэтгэх захирал Жан-Себастиан Жак сүүлийн жилүүдэд “Оюу Толгой”-н далд уурхайн дэд бүтэц тийм ч “төгс төгөлдөр” биш гэдгийг сэтгүүлчдэд ил тод илэрхийлсээр ирсэн гэдгийг Financial Review онцолжээ.

 ХУУЛЬ ЗҮЙН ФЕРМ ШУДАРГА АЖИЛЛАЖ ЧАДАХ УУ?

Хянан шалгах ажиллагааг гүйцэтгэж буй “Бейкэр МакКензи” хуульзүйн ферм Рио Тинтог"шүгэл үлээгч“ хэмээн цоллосон нь олны анхаарлыг татсаар. Риогийн  “Оюун Толгой”-н далд уурхайн нөөц дээр хийсэн хайгуул судалгааг өндрөөр үнэлж байгаагаа тэд ийнхүү илэрхийлсэн юм. “Бейкэр МакКензи”-г Риогийн талд захиалгатай ажиллаж байгаа гэх хардлага судлаачдын дунд газар авсны шалтгаан энэ байж болох юм.

Financial Review-ийн нууцалж буй эх сурвалжийн мэдээллээр, тус хуулийн ферм “Рио Тинто”далд уурхайн геологийн хайгуул судалгааг хэрхэн хийсэн, мөн төсөлд шаардлагатай хөрөнгийн яаж тооцоолсон, зарцуулагдах цаг хугацааг яаж товлосон зэрэг асуудлуудын араас хөөж, нягтлан шалгах аж.

М.ТЭНГИС