Энэ сарын 8-ны өдөр бид Энхтайваны гүүрийн зүүн талд “Дунд гол” урсдаг хэсэг газрыг “Эм Энд Жи” констракшн гэх копмани Азидаа хамгийн томд тооцогдох усан парк барина гэж хашаалсан ч 25 давхар орон сууцны хороолол барьж эхэлсэн төдийгүй аль хэдийн 1м2 үнийг 2,9-3,7 сая төгрөгөөр үнэлж, “нууцхан” зараад эхэлсэн талаар мэдээлсэн.
Үүний дараа иргэд тус компанийн газар эзэмших эрхийг цуцлахыг шаардаж, улмаар Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ хотын дарга Д.Сумъяабазарт албан бичиг хүргүүлсэн. Гэвч түүний явуулсан албан бичиг цаас төдийхөн болжээ. Учир нь хотын удирдлагууд өнөөг хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүйн дээр орон сууцны барилгын ажил ч эрчимжжээ.
ВИДЕО:
-ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХЭД ХҮСЭЛТ ГАРГААГҮЙ ХОТЫН ДАРГА Д.СУМЪЯАБАЗАР “ЭМ ЭНД ЖИ КОНСТРАКШН” КОМПАНИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦЛАХ ЭСЭХЭД ТОДОРХОЙ ХАРИУЛТ ӨГӨЛГҮЙ, “БӨӨРӨНХИЙЛӨӨД” ӨНГӨРӨВ-
Эргэн сануулъя. 2020 оны есдүгээр сард Нийслэлийн засаг даргын үүргийн орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Энд энд Жи” констракшны газар эзэмших эрхийг хүчингүй болгож, тус газрыг ногоон байгууламж болгох захирамж гаргасан байдаг. Захирамжид
- Эм Энд Жи ХХК нь усан парк, спорт цогцолбор барих зориулалтаар байгуулах зориулалтаар авсан газраа зориулалтын дагуу ашиглаагүй,
- Эзэмшил газрын зориулалтыг өөрчилж, тухайн газраас хэсэгчлэн худалдахаар нийтэд зарласан нь тогтоогдсон,
- Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 22.4, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 230/127 дугаартай тушаалаар хамгаалалтын бүсэд хамаарч байгаа тул хүчингүй болгох үндэслэл бүрдсэн байна” гэжээ.
Дээр дурдсан Байгаль орчин ногоон хөгжил, Барилга хот байгуулалтын сайдын тушаалд “усны эх үүсвэр онцгой хамгаалалтын дэглэмд заасан шаардлагыг хангаж цэцэрлэгт хүрээлэн ногоон байгууламжийн зориулалтаар зохицуулахыг даалгасугай” гэсэн байгаа юм.
Гэвч “Эм энд Жи” констракшн захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байдаг. Ингээд 2021 оны гуравдугаар сард буюу Д.Сумъяабазар хотын даргын үед Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх тус нэхэмжлэлийг хэлэлцээд “Эм энд Жи” констракшны талд шийдвэрлэсэн. Хуульд заасны дагуу шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах эрхтэй. Гэвч Нийслэлийн засаг дарга давж заалдах хүсэлт өгөлгүй, "чимээгүйхэн" өнгөрсөн байгаа юм. Үүгээр ч зогсохгүй тэрбээр хоёрхон хоногийн өмнө оролцсон нэвтрүүлэгтээ энэ талаар тоймтой хариулт ч өгөлгүй, “бөөрөнхийлөөд” өнгөрөв.
-МЭРГЭЖЛИЙН ЯАМ НЬ ХҮРТЭЛ “УСАН САН БҮХИЙ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН БҮСТЭЙ ДАВХЦАЖ БАЙНА” ГЭЖ САНУУЛСАН Ч ТУСЫГ ЭС ОЛОВ-
Дөрөвдүгээр сарын 8-ны өдөр биднийг тус газарт ирэхэд барилгын нэг давхар босож байв. Гэвч өнөөдөр хоёр давхрын ажил үндсэндээ “шувтрах” гэж байна. Хэрэв 10,20 давхар барилга нэгэнтээ босчихвол газрын зөвшөөрлийг цуцлахад улам төвөгтэй болно. Тиймээс Эм энд Жи констракшн иргэдийн эсэргүүцэл намжсаныг далимдуулан барилгын ажлаа яаравчилж байна уу гэх хардлага төрж байгаа юм. Нөгөө талаар богино хугацаанд яарч, сандран босгосон барилга хэр чанартай байх вэ гэдэг асуудал ч энд хөндөгдөх учиртай.
Хотын хүн ам нэг газарт бөөгнөрч бус тэлснээр замын хөдөлгөөний ачаалал буурна гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Энхтайваны гүүр бол Улаанбаатар хотын замын хөдөлгөөний төв цэгүүдийн нэг. Хэрэв тэнд 25 давхар олон арван орон сууц барьчихвал мянга, мянган оршин суугчийн бөөгнөрөл бий болно. Ингэснээр Олимп, Энхтайваны гүүр, Нарны зам яагаад ч ачааллаа дийлэхээргүй дүр зураг харагдаж байгаа юм. Товчхондоо, Баянзүрх дүүргийн 26-р хорооны “бетон ширэнгэ”-ийн түүх давтагдах вий. Нөгөө талаар барилгын үйл ажиллагааны улмаас Дунд голын урсац тасрах, голын ай сав дотор баригдаж буй барилга өөрөө ч усанд автах эрсдэл үүсэж болзошгүй.
Иргэд нь хүчтэй эсэргүүцэж, мэргэжлийн яам нь хүртэл барилга баригдаж буй газар нь “усан сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай байна” гэж дүгнэлт гаргасаар байхад хотын удирдлага чимээгүй суусаар. Энэ хооронд барилгын ажил ч хурдтай урагшилсаар. 25 давхар орон сууцны барилга баригдсаны дараа л өнгөрсөн борооны хойноос цув нөмөрч, “ниргэсэн хойно нь хашхирна” гэгч болох вий. Эрхэм хотын дарга аа.