Х.Нямбаатар: Гэрлэлт цуцалсан гэх асуудалд УБЕГ, хяналтын ахлах байцаагч нарыг дахин ажиллуулах үүрэг өгсөн

2022-04-28 15:52

ШУУРХАЙ: Иргэн Д.Ганболдын "гэрлэлтийг хүчингүй болгосон” Улсын байцаагчийн дүгнэлтийг ШҮҮХ "хүчингүй" болгожээ

Улсын бүртгэлийн ерөнхий газар /УБЕГ/ иргэн Д.Ганболд, Я нарын гэрлэлтийг хүчингүй болгосон гэх асуудал нь олны анхаарлыг татаад буй. Учир нь тэдний гэрлэлтийг аль нэг тал нь мэдээгүй байхад улсын байцаагч хүчингүй болгосон нь асуудал дагуулаад байгаа юм.

Энэ талаар УБЕГ-ын Иргэний улсын бүртгэлийн газрын дарга Т.Нармандах, "Гэрлэлтийг хуулийн дагуу бүртгэдэг. Иргэн Д.Ганболд нь 2016 оны зургадугаар сарын 17-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн гэх мэдээлэл байна. Иргэн Д.Ганболдоос 2021 оны арваннэгдүгээр сард УБЕГ-т хандаж;

"Гэрлэлтийн бүртгэлээ хүчингүй болгуулъя. Би гэрлэлтээ өөрийн биеэр бүртгүүлээгүй" гэх гомдол мэдээллийг өгсөн.

Үүний дагуу хяналтын улсын байцаагч хянаж үзээд "бичиг баримтын зөрчилтэй" байна хэмээгээд “хүчингүй болгох” дүгнэлт гарсан. Гэрлэлтээ бүртгүүлэх шаардлагыг хангаагүй учраас цуцалсан гэж ойлгож болно" гэх тайлбарыг өгсөн.

Тэгвэл дээрх хэргийг өчигдөр /2022.04.27/ Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд иргэн Д.Ганболдын гэрлэлтийг “хүчингүй болгох” дүгнэлт гаргасан улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэжээ. Нэг үгээр хэлбэл иргэн Д.Ганболд, Я нарын гэрлэлт "хүчин төгөлдөр" хэвээр үлдсэн гэсэн үг юм.  

2022-04-28 12:56

Х.Нямбаатар: Гэрлэлт цуцалсан гэх асуудалд УБЕГ, хяналтын ахлах байцаагч нарыг дахин ажиллуулах үүрэг өгсөн

Улсын бүртгэлийн байгууллагын байцаагч иргэн Г нарын гэрлэлтийн гэрчилгээг хүчингүй болгосон гэх асуудал өдгөө олны анхаарлыг татаад байгаа билээ. Тэгвэл эл асуудалд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр "УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайханыг дээрх асуудалтай холбоотой танилцуулга бичиж ирүүлэгийг үүрэг болгосон. 2016 онд иргэн Г нь гэр бүл болж, батлуулсан байсан. 2021 онд иргэн Г нь өөрий биеэр очиж, гэрлэлтээ бүртгүүлээгүй учир гомдол гаргаж, улмаар улсын байцаагч хүчингүй болгосон гэх мэдээллийг л би авсан. Гэрлэлтийн бүртгэл хийлгэх төрийн үйлчилгээг авахдаа гэрлэгчид биечлэн очих ёстой гэх шаардлага тавьдаг. Эл асуудалд Улсын бүртгэлийн газар, хяналтын ахлах байцаагч нарыг дахин ажиллуулж, олон нийтийн байгууллагуудад мэдээлэл өгөх хэрэгтэй гэх зүйл яригдсан.

Тавдугаар сарын нэгний өдрөөс тоон гарын үсэг олгох ажил эхэлнэ. Тоон гарын үсэгтэй болсноор 3-4 үйлчилгээг л биечлэн очиж авдаг болно. Иймэрхүү алдаа дутагдал гаргахгүй байх талаас харвал Кибер аюулгүй байдлын тухай хууль чухал. Өөрөөр хэлбэл, системийн аюулгүй байдлыг хангах. Ингэхдээ хэн нэгэн хүн таны мэдээллийн сан руу нэвтэрч байгаа тохиолдол бүрт тухайн хүнд мэдэгдэл ирнэ. Таны мэдээлэл рүү Улсын бүртгэлийн ажилтан дур мэдэн орсон тохиолдолд ирсэн мэдэгдлийн дагуу гомдол гаргаж болно" гэлээ.