Хуульч О.Батхүү Арилжааны банкууд “зээл судалсны шимтгэл нэг хувь”-ийг иргэдээс авч байгаа нь хууль бус хэмээн Монголбанкинд шаардлага хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийлээ.
Тэрээр, “Арилжааны банкууд зээл олгоно гэдэг нь өөрсдийнх нь үндсэн үйл ажиллагаа. Уг үйл ажиллагааг хийснийхээ төлөө гэрээний нөгөө талаас 1 хувийн шимтгэл авч байгаа нь хууль бус. Харин Монголбанкны тухай хуулиар Монголбанк нь арилжааны банкны үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй.
Арилжааны банкууд нэг хувийн шимтгэл авч байгаа байдлаа Монгол банкны ерөнхийлөгчийн 2018 оны долдугаар сарын 19-ний өдрийн журмын дагуу гэж үзэж байгаа. Миний хувьд үүнийг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Учир нь холбогдох хуульд шимтгэл авна гэж заагаагүй. Гэтэл Монголбанкны ерөнхийлөгч журмыг нь үндэслэн арилжааны банкууд шимтгэл авч байна. Иймд Монголбанканд шаардлага хүргүүлж байна” гэж мэдэгдлээ.