ШУУРХАЙ: Орос элчингийн гадна үлдээсэн угаалгын машин, телевизтэй нь холбогдуулж жагсаалд оролцсон хүмүүсээс мэдүүлэг авч эхэлжээ

ШУУРХАЙ: Орос элчингийн гадна үлдээсэн угаалгын машин, телевизтэй нь холбогдуулж жагсаалд оролцсон хүмүүсээс мэдүүлэг авч эхэлжээ

Долоо хоног бүрийн Бямба гарагт Монгол Улсад суугаа ОХУ-ын элчин сайдын яамны гадна манай зарим иргэд тайван жагсаал хийж, Оросын Украинд хийж байгаа цэрэг, дайны үйл ажиллагааг эсэргүүцэх болсон.

Тэгвэл тэд өнгөрсөн Бямба гараг /2022.04.23/-т Оросын элчин сайдын яамны гадна жагсаж, үзэл бодлоо илэрхийлэхдээ, тус яамны гадна “угаалгын машин, телевиз, суултуурын таг” зэрэг эд зүйлстэй жагсаж, тус зүйлүүдээ ОХУ-ын элчин сайдын яамны гадна орхиод явжээ.

Иргэд дараах эд зүйлсийн хамт жагсажээ. 2022.04.23

Учир нь Украинд явагдаж байгаа цэрэг, дайны үйл ажиллагаанд оролцож байгаа орос цэргүүд айлуудаас угаалгын машин, телевиз зэрэг зүйлийг хулгайлж ОХУ руу илгээсэн гэх мэдээлэл олон улсын зарим хэвлэлд гарсан.

Иймд манай иргэдийн жагсаалдаа ашигласан эд зүйлс нь үүнийг илтгэсэн байж болзошгүй байгаа юм.

Гэтэл тэднийг Оросын элчингийн гадна орхиод явсан эд зүйлстэй нь холбогдуулж Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс дуудаж, мэдүүлэг авч эхэлжээ.

Энэ талаар эх сурвалжаас тодруулахад, “ОХУ-ын элчин сайдын яамны гадна үлдээгээд явсан эд зүйлсийг тус улсад хандивлах гээд орхиод явсан гэсэн. Гэтэл угаалгын машин зэргийг хандивласан гээд шалгаж байж магадгүй байна.

ОХУ-ын элчин сайдын яамны гадна иргэдийн орхиод явсан эд зүйлс. 2022.04.23

Учир нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс жагсаалд оролцсон хүмүүсийг гэрчээр дуудаад байцаалт аваад байгаа юм билээ. Оросын цэргүүд айлаас телевиз,угаалгын машин зэргийг аваад байна гэхээр нь хүнд хэцүү байгаа юм байна л гэж ойлгосон. Харин элчингийн гадна орхисон зүйлсийг цагдаа хурааж, аваад явсан юм шиг байна лээ” гэсэн мэдээллийг өглөө.