Г.Баасанхүү: Газар унасан хэвтэж байхтай нь тааралдаж, зургаар баримтжуулсан

Г.Баасанхүү: Газар унасан хэвтэж байхтай нь тааралдаж, зургаар баримтжуулсан

УИХ-ын гишүүн Г.Баасанхүү Г.Батхүү агсантай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр:

“Төрийн ордны нэг давхарт амь насаа алдсан АН-ын дэд дарга Г.Батхүү агсныг амь насаа алдсанд гүнээ харамсаж байна. Өчигдөр ар гэрийнхэнтэй нь ярьж зөвшөөрөл авсны үндсэн дээр, мөн цагдаагийн байгууллага ШШГЕГ-ын дүгнэлт гарч байгаа гэсэн учир, мөн зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл сэтгүүлчдийн зүгээс буруу зөрүү ойлголт мэдээлэл түгээж байна гэх мэдээлэл ирсэн учир уг нөхцөл байдлын талаар мэдээлэл хэлсэн нь зөв гэж бодлоо.

Миний өрөө 111 дугаартай, хэрэг учрал болсон газрын наад талд байдаг. Тухайн үед чуулган 18:00 цагт тараад, ажлын цаг тараад тодорхой цагт хүмүүстэй уулзчихаад гарахдаа газар унасан хэвтэж байхтай нь тааралдсан. Би өөрөө хуульч хүн, 20 гаруй жил эрүүгийн хавтаст хэргүүдтэй ажиллаж байсан учраас авах ёстой зохих арга хэмжээнүүд юу байж болох талаар шийдвэрүүд гаргасан. Үүний хамгийн чухал нь төрийн ордон бол хуультай, хуулиараа төрийн тусгай хамгаалалтын газар буюу ТЕГ-ын харьяанд байдаг. Тиймээс ТЕГ-ын зохих удирдлагуудад мэдэгдсэн. Мөн тухайн хүнийг амь насаа алдсан эсэхийг тогтоох ёстой учраас эмнэлгийн байгууллагын 103 ирээд амь насаа алдсан гэдгийг тогтоосон учир, зохих байгууллагад хандахыг зөвлөсөн. Үүний дараа нөхцөл байдлыг баримтжуулан авсан. Учир нь цагдаагийн байгууллага надаас хойш ирэх учраас ямар байж гэдгийг фото зургийг нь авч цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн. Ийм л товч мэдээлэл өгье.

ТУХАЙН ҮЕД Г.БАТХҮҮ АГСНЫГ БАЙНА ГЭЖ ТАНИАГҮЙ

-Дуу чимээ дуулдсан уу?

-Дуу чимээ манай өрөөнд дуулдах боломжгүй. Манай өрөө хоёр давхар, хаалга нь ч хоёр давхар. Тиймээс дуу чимээ сонсогдох боломжгүй. Би хоёр давхраас унасан гэж ойлгож байгаагийн хувьд хоёр давхраас унасны дараа харсан учраас тэр. Цагийн хувьд мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахгүйн тулд хэлэх боломжгүй.

-Та тэр хүнийг анх хараад таньсан уу?

-Манай сэтгүүлчид тухайн үед мөн тэнд байсан байна лээ шүү дээ. Толгойдоо гэмтэл авсан хэлэхийг би хэлэхэд хэцүү. Харагдах байдлын хувьд толгойн хэсэг нилэнхүй цус, хамар амнаас тодорхой хэмжээнд цус гарсан байдалтай. Илэн далангуй хэлэхэд тухайн үед би Г.Батхүү агсаныг байна гэж таниагүй, тэгж ч бодоогүй, боломж ч байгаагүй. Өглөө Засгийн газрын хуралдаан болсон учраас Засгийн газрын хуралдаанаас үүдэж ийм юм болсон юм болов уу гэсэн урьдчилсан таамаг өгсөн. Үүнийг хууль хяналтын байгууллага нь тогтоох ёстой. Гадны нөлөөтэй эсэхийг тус байгууллага тогтооно.