"Эхнэр, нөхрийнхөө төрсөн нутагт амрах бол замын зардлыг нь УЛС ДААНА" гэх хуулийг М.Энхболдын үед шинэчлэн найруулжээ

"Эхнэр, нөхрийнхөө төрсөн нутагт амрах бол замын зардлыг нь УЛС ДААНА" гэх хуулийг М.Энхболдын үед шинэчлэн найруулжээ

Өнгөрсөн долоон хоногийн Засгийн газрын хуралдаанаар Төсвийн хэмнэлтийн тухай хуулийн төслийг анх удаа УИХ-д өргөн мэдүүлсэн. Хуулийн төсөлд УИХ болон Засгийн газрын харьяа агентлагууд, Төрийн өмчит үйлдвэрийн газар /ТӨҮГ/-ууд дэд дарга, орлогч даргатай байхыг хориглох тэргүүтэй хэд хэдэн зохицуулалтууд багтсан юм.

-ТӨРИЙН БҮХ АЛБАН ХААГЧИД ХАМРАГДАХААР ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ ХИЙЖЭЭ-

Эдгээрээс “Албан тушаалтнуудыг амралт, сувиллын газарт эсхүл өөрийн болон эхнэр, нөхрийн төрсөн нутагт амрах тохиолдолд замын зардлыг нь санхүүжүүлэхгүй” гэх өөрчлөлт олон нийтийг багагүй талцуулж, шүүмжлэл дагуулсан билээ.

Тодруулбал, нэг талаас “үнэхээр иргэдийн төлсөн татвар төрийн алба хаагчдын нутаг руугаа амрах зардлыг даахад хүртэл зарцуулагддаг хэрэг үү” гэх, харин нөгөө талаас зарим төрийн алба хаагч хэзээ ч ийм нөхөн төлбөр авч байгаагүйгээ хэлж байв.

Учир нь "Төрийн албаны тухай хууль"-ийн 59.1.6-д “ээлжийн амралтаараа өөрийн, эсхүл эхнэр /нөхөр/-ийн төрсөн нутаг явах бол ирэх, очих замын зардлыг, эсхүл магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр дотоодын сувилалд сувилуулах бол ирэх, очих замын зардлыг тухайн үед мөрдөж байгаа автомашин, төмөр замын үнэлгээгээр тооцож хоёр жилд нэг удаа олгох” гэж заасан байна. Хуулийг ЭНД ДАРЖ үзнэ үү. Харин тус хуульд 2017 онд М.Энхболдыг УИХ-ын даргаар ажиллаж байх үедээ "шинэчилсэн найруулга" хийгдсэн байна.  Мөн хуульд бүх төрийн албан хаагчдад  заалт хамаарч байгаа юм.

-ХЭЗЭЭ Ч АВЧ БАЙГААГҮЙ ХАНГАМЖИЙГ АВДАГ МЭТЭЭР ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ЦАЦАХ БОЛЛОО ГЭЖ ШҮҮМЖЛЭВ-

Гэвч хуулийн тус заалт огт хэрэгжиж байгаагүй, нэг ч төрийн албан хаагч уг нөхөн олговрыг авч байгаагүй аж. Тиймээс төсвийн хэмнэлтийн тухай хуульд тус "хэрэглэгддэггүй" заалтыг хүчингүй болгох агуулгыг тусгажээ.  Олон нийтийн дунд эргэлзээ төрүүлсэн энэ хуулийн заалтыг өчигдөр /2022.04.22/ УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн үгүйсгэсэн юм. Тодруулбал тэрбээр “Төсвийн хэмнэлтийн тухай хуульд төрийн албан хаагчдын хэзээ ч авч байгаагүй хангамжийг авч байсан юм шиг бичээд байна. Худал мэдээлэл цацаад хуульд оруулж ирээд байж болохгүй. Монголын төрийн албыг ингэж доромжилж болохгүй. Төрийн тусгай алба, үйлчилгээний алба, захиргааны алба хаагчид хэзээ байтлаа та нарын бичиж, одоо хориглоод байгаа шиг тэр тусгай хангамжуудыг авч байсан юм. Хэзээ Монголын захиргааны болоод үйлчилгээний алба хаагчид гар утасны төлбөрөө төлүүлж байгаагүй. Төсвийн тухай хуулиар энэ чинь хориотой” гэсэн юм. 

Харин Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат “Бид хий, огт байдаггүй зүйлийг байдаг болгож оруулж ирээгүй ээ. Төрийн албаны тухай хуульд "ээлжийн амралтаараа  ирэх очих, замын зардлыг төрийн тухайн үед мөрдөж байгаа автомашин, төмөр замын үнэлгээгээр тооцож хоёр жилд нэг удаа олгоно” гэж заасан байна. Төрийн өмчит компаниудын захирлуудын гар утасны зардлыг компани төлдөг. Янз бүрийн бизнес арга хэмжээнүүдийн зардлыг ч компаниас төлдөг. Төрийн өмчит компаниудын захирлууд бизнес ангиллаар нисэж байна” гэсэн юм. 




ЭМГЭНЭЛ

13 цагийн өмнө