Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Хамтарсан ажлын хэсэг байгуулах" саналыг хүргүүлжээ.
Саналд “Тус банкны харилцагч “Кью Эс Си” ХХК-ийн хэрэгжүүлж буй Уул уурхайн, металлургийн цогцолбор барих төслийг манай банк анхнаас нь дэмжин санхүүжилтийг олгож, төслийн үндсэн зээлдүүлэгчээр ажиллаж ирсэн билээ.
Харилцагчийн зүгээс Засгийн газрын 2022 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 148 тоот тогтоолоор “Кью Эс Си” ХХК-тай 2014 оны 4-р сарын 4-ний өдөр байгуулсан Концессын гэрээг цуцалсантай холбогдуулан тус компани болон “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн Уул уурхайн, металлургийн цогцолбор барих төсөл зогсонги байдалд орсон тухай мэдээллийг банканд ирүүлсэн бөгөөд үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулан тус банкнаас авсан зээлийн төлбөрийг хэрхэн төлж барагдуулах талаар уулзахад Монгол Улсын Хөгжлийн банкан дээр үүсээд байгаа 192.6 тэрбум төгрөгийн өр төлбөрийг ойрын хугацаанд төлж барагдуулах асуудалд манай банкны дэмжлэгийг хүсэж тус банк болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газартай хамтарч ажиллах саналыг ирүүллээ. Манай банк дээрх төслийн бүтээн байгуулалтын ажилд санхүүгийн үйлчилгээ үзүүлсний хувьд төслийг санхүүжүүлэгч нараас зээлсэн зээлийн төлбөрийг төлж барагдуулах, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн цаашдын хэвийн үйл ажиллагааг хэрхэн дэмжих, санхүүжүүлэх зэрэг асуудлаар хамтран ажиллах бүрэн боломжтой гэж үзэж, банк дотроо ажлын хэсэг байгуулаад байна. Иймд, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраар ахлуулсан манай банк болон компанийн төлөөлөл орсон ажлын хэсэг байгуулж дээрх асуудлуудыг шийдвэрлэх саналыг хүлээн авч зөвшөөрөл олгож өгөхийг хичээнгүйлэн хүсье” гэсэн байна.
Ташрамд дурдахад, Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг нь "Улаан бал" ярилцлагын нэвтрүүлэгт орох үеэрээ "Тус банк нь Кью Эс Си ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан зээлтэй огт хамаагүй. Тус компанийн хэрэгжүүлж буй төсөлд хөрөнгө оруулагчаар ажилласан" гэсэн билээ. Гэсэн ч тус банк Кью Эс Си компанийн зээлийг төлөх саналтай байгаагаа дээрх бичигт илэрхийлсэн байна.