ВИДЕО: Халуун устай худаг, Дулаан автобусны буудал баригдаад нэг жил ч хүрэлгүй зарим “УХАМСАР ДОРОЙ” иргэний гарт "сүйджээ"

ВИДЕО: Халуун устай худаг, Дулаан автобусны буудал баригдаад нэг жил ч хүрэлгүй зарим “УХАМСАР ДОРОЙ” иргэний гарт "сүйджээ"

“Хорооноос гэр сольж өгсөнгүй”, “Хүүхдийн мөнгө хаанаа ч хүрэхгүй байна”, “Миний амьдрал ийм байгаа нь төр засгийн буруу” гэж болохгүй, бүтэхгүй байгаа бүхний шалтгааныг өөрөөсөө биш өрөөл бусдаас хайдаг арчаагүй Монгол иргэн цөөнгүй. Үнэхээр халамжаар угжуулсан зарим иргэн ёс суртахууны уналт, сэтгэлгээний ядууралд орчихов уу гэлтэй зарим жишээг бид энэ удаа хөндлөө.

ВИДЕО:

-НАЛАЙХ ДҮҮРЭГТ БАЙГУУЛСАН ЖИШИГ АВТОБУСНЫ БУУДЛЫГ НЭГ ЖИЛ Ч БОЛООГҮЙ БАЙХАД ТОНОЧХОВ-

Налайх дүүргийн 7-р хороонд өнгөрсөн өвөл "Налайх тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ- аас жишиг автобусны буудлыг барьж, тохижуулсан. Уг бүтээн байгуулалт ашиглалтад орсны дараа идэр есийн хүйтэнд автобус хүлээн даарч, хөрөхөөргүй болсон олон иргэний магнай тэнийсэн. Үүнээс гадна автобусны буудалд гар утасны цэнэглэгч, сандал, зурагт хүртэл  суурилуулсан байв. Гэвч хэдхэн хоногийн өмнө тус жишиг автобусны буудлыг тонож цэнэглэгч, камер, дэлгэц зэргийг нь хулгайлжээ. Биднийг очиход автобусны буудалд сандалнаас өөр зүйл байхгүй, бүх тоног төхөөрөмжийг нь тоносон байв. Одоогоор Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс уг хэргийг мөрдөн шалгаж байгаа юм.

-ХАЛУУН УСТАЙ, ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ Ч АВЧ БОЛОХ ХУДАГ БАРЬСАН Ч МӨН Л ЭВДЭЛЖ СҮЙДЖЭЭ-

Бидний дараагийн зогсоол Налайх дүүргийн нэгдүгээр хороонд байрлах халуун устай худаг. Гэр хорооллын иргэдэд халуун ус түгээх зорилготой тус худгийг хэдхэн сарын өмнө Монгол инженерүүд зохион бүтээж, ашиглалтад оруулсан. Мөн худагт E-Mongolia цахим мэдээллийн санг суурилуулсан учир иргэд төрийн үйлчилгээг хаяанаасаа авах боломжтой болсон юм. Гэвч өнгөрсөн долоо хоногт худгийн дэлгэц, хуруу уншигчийг хага цохиж эвджээ. Биднийг худаг дээр очиход халуун ус нь хэвийн гарч байсан ч “E-Mongolia” үйлчилгээний хэсэг нь ажиллахаа больж, хагарсан дэлгэцийг самбараар тагласан байсан юм.

Энэ талаар тус хорооны ажилтнаас тодруулахад “Дөрөвдүгээр сарын 12-ны өдөр худгийн дэлгэц зэргийг эвдсэн. Одоо хэргийг цагдаагийн алба хаагчид шалгаж байгаа” гэв. Харин ойр хавийн оршин суугчид “Бага насны хүүхдүүд чулуу шидэж хагалсан байсан” гэжээ. Хэрэв худгийн дэлгэцийг хүүхдүүд цохиж хагалсан бол эцэг, эхчүүдийн хариуцлага ч энд яригдана. Тодруулбал, хүүхдүүддээ багаас нь нийтийн эзэмшил, нийтийн өмч хөрөнгөнд ариг гамтай хандахыг зааж сургах нь эцэг, эхчүүдийн үүрэг юм.

Гар утасны цэнэглэгчтэй, дулаан автобусны буудал, халуун устай байгууламж бол хөгжингүй орнуудад магадгүй 20,30 жилийн өмнө нэвтэрсэн, байдаг л нэг технологи. Гэвч тэр технологиудыг Монголд нэвтрүүлсэн ч ёс суртахуун нь уналтад орчихсон зарим иргэн нэг жил ч бололгүй байхад нь эвдээд, сүйдэлчхэв. Өнөөдөр гадаадын улс орнууд сансарт жуулчин илгээж, саран дээр хөл тавьж байхад зарим Монголчууд Чингис хаанаа ярьж цээжээ дэлдэн, халамж нэхэж, төр засгаа буруутгасаар. Болж бүтэхгүй байгаа бүхний бурууг өрөөл бусдаас хайхын оронд өөрсөд рүүгээ өнгийх цаг нэгэнт болжээ.




ЭМГЭНЭЛ

13 цагийн өмнө