Монголын саалийн үнээ гэгддэг “Эрдэнэт үйлдвэр”-ээс баяжиж, томорсон хүн олон. Энэ ч утгаараа улстөрчид хийгээд эрх мэдэлтнүүдийн шуналыг хөдөлгөж, онилох цэг нь болсон гэж хэлэхэд нэг их хилсдэхгүй биз.
Хамгийн сүүлд гэхэд л “Эрдэнэ үйлдвэр”-ийн ерөнхий захирлын үйлдвэр эрхэлсэн орлогч дарга асан З.Ганбаатар нь 4,3 тэрбум төгрөгийн хахуул авч, Их Британийн Лондон хотод хоёр давхар орон сууц худалдан авсан талаарх мэдээллийг бид хүргэсэн.
-З.ГАНБААТАР ХАХУУЛИЙН МӨНГӨӨ НУУН ДАРАГДУУЛАХЫН ТУЛД ХҮҮ Г.ЭРДЭНЭЧУЛУУНЫ НЭР ДЭЭР ЛОНДОН ХОТОД ОРОН СУУЦ АВСАН БАЙЖЭЭ-
Тэгвэл З.Ганбаатар нь дээрх хууль бус, хахуулын мөнгөө төрсөн хүү Г.Эрдэнэчулууныхаа нэр дээрх оффшор компаний дансаар авдаг байжээ. Тэрбээр ОХУ-ын “СП ЗАО ИВС” хамтарсан үйлдвэрийн захирал Зимин Алексей Владимировичээс хахуулын мөнгөө хүү Г.Эрдэнэчулууныхаа “Роwer Wit limited” /Повер Вит Лимитэд/ компанийн БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконгийн “NSBC” /Эн Эс Би Си/ банк дахь ... дугаарын ам.долларын дансаар авч байсан байна.
Тодруулбал:
- 2010 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 765,000 ам.доллар,
- 2010 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 510,000 ам.доллар,
- 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 600,000 ам.доллар,
- 2011 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 480,000 ам.доллар,
- 2011 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 520,000 ам.доллар,
- 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 500,000 ам.доллар буюу нийт 3,375,000 (гурван сая гурван зуун далан таван мянга) ам.доллар буюу 4,347,312,050 (дөрвөн тэрбум гаруй) төгрөгийг шилжүүлэн авсан байна. Ингэхдээ хуурамч гэрээ байгуулж, авдаг байжээ.
Өмнө өгүүлсэнчлэн З.Ганбаатар нь хахуулийн мөнгө нуун дарагдуулах зорилгоор Лондонд орон сууц худалдаж авахдаа хүү Г.Эрдэнэчулууныхаа нэр дээр авсан байгаа юм. Улмаар тус орон сууцаа хүүгийнхээ нэр дээрх “Монголиан Смелтинг корпорейшн” ХХК-руу шилжүүлсэн. Харин дээрх хууль бус үйлдлийг АТГ-ын мөрдөгчид илрүүлэх үед буюу 2021 оны есдүгээр сард Лондон дахь орон сууц болон компаниа бүхэлд нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн нэр дээр шилжүүлж, хохирлоо барагдуулсан байх аж.
-Г.ЭРДЭНЭЧУЛУУН НЬ "МОНГОЛЫН ЭЛЕКТРОН СПОРТЫН ХОЛБОО"-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АЛБЫГ ХАШДАГ-
Энэ талаар З.Ганбаатар нь “Би Их Британийн нэгдсэн вант улсын Лондон хотод орон сууц худалдаж авсан нь үнэн. Уг орон сууцыг одоохондоо ашиглаагүй, хоосон байгаа. Би энэ орон сууцыг "Монголиан “Смелтинг корпорейшн” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн. Энэ компанийн хувьцааг 100 хувь миний бие эзэмшдэг. Тэгэхээр энэ байраа шилжүүлэхдээ компанийн хувьцааг 100 хувь төрийн байгууллагад шилжүүлээд өгмөөр байна” хэмээж байсан байна.
Тиймээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокурортой ял тохирсон байна.
Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж, ... дугаар тоотод оршин суудаг З.Ганбаатар нь аймгийн алдарт уяач цолтой нэгэн аж. Харин оффшор бүсэд компани байгуулсан түүний хүү Г.Эрдэнэчулуун нь банк санхүү, уул уурхайн салбарт бизнес эрхлэдэг гэгдэг бөгөөд “Говь”, “Скайтел” зэрэг байгууллагад рекдамны нүүр царай болж явсан нэгэн юм. Лондонгийн "Метрополитан" их сургуулийг дүүргэсэн тэрбээр "Монголын Электрон спортын холбоо"-ны ерөнхийлөгчийн албыг хашдаг аж.