Сүүлийн үед гоо сайхны эмнэлгүүдийн гоё сайхан сурталчилгаа, рекламд итгэж хагалгаанд ороод хохирсон иргэд өргөдөл гаргаж хөөцөлдөөд ч нөхөн төлбөр авч чадалгүй шантраад өнгөрдөг тохиолдол нэмэгдсээр байна. Бид энэ удаа хамарны хагалгааны хохирогч болсон иргэн “И”-тэй ярилцлаа.
ВИДЕО:
-СҮҮЛД ЦУГ ХАГАЛГААНД ОРСОН ХҮМҮҮСТЭЙГЭЭ ХОЛБОГДОХОД НЭГ ОХИНЫ ХАМАР НЬ МУРУЙ БОЛСОН БАЙСАН-
-Та хэзээ, ямар эмнэлэгт гоо сайхны хагалгаанд орсон бэ?
-Өнгөрсөн жилийн өдийд /2021.04.20/ аравдугаар хорооллын “MBG Гэмтэл согогийн эмнэлэгт” хамарны хагалгаанд орсон.
-Анх эмчид үзүүлж, хагалгаанд орох үед ямар зөвлөгөө өгч байсан бэ. Эмнэлэгтэйгээ байгуулсан гэрээ бий юу?
-Огт зөвлөгөө өгөөгүй. Гэрээ хийгээгүй. Эмчтэйгээ ярилцаад л хагалгаанд орохоор тохирсон. Удахгүй холбогдоно. Яахав таньдаг хүн байсан болохоор шууд хагалгаанд орсон. Тэр өдөр хоёр, гурван хүнд хамрын хагалгаа хийсэн. Сүүлд цуг орсон хүмүүстэйгээ холбогдоход нэг охины хамар нь муруй болсон байсан.
-Та хамарны аль хэсгээ засуулсан бэ?
-Би хамрын үзүүр шонтойлгох, нуруу өндөрлөхөөр имплант суулгуулсан. Хагалгааны дараа их өвдөлттэй байсан. Би өмнө нь нуруу өндөрлөх хагалгаанд орж үзсэн. Тэгэхэд ингэж өвдөж байгаагүй. Хэдийгээр мэдээ алдуулалттай ч мэдрэгдэх өвдөлт байсан. Өвчин намдаах тариа хийлгэсэн ч бүр өвдөлтөө дийлэхээргүй болоод өвчин намдаах лаа тав, зургаан цагийн зайтай хийлгэсэн. Дараа нь боолтоо авахуулах гээд эмнэлэгтээ очсон. Тэгсэн миний хамарны үзүүр улааж дотроо устай ч юм шиг бэлцийсэн болсон байсан. Миний хамарны үзүүр, мөгөөрс хэсэгт батга шиг юм гарсан байсан. Шахсан чинь ногоон идээ гарсан. Тэгээд эмч рүүгээ залгасан чинь хөдөө явж байна. Эмнэлэг дээр очоод цэвэрлүүлчих гэсэн. Түүнээс хойш би очиж цэвэрлүүлэхэд огт дээрдээгүй. Сүүлдээ өөр эмнэлэгт очиж сая гаруй төгрөгөөр имплантаа авахуулсан. Учир нь идээ нь миний мөгөөрсийг идээд улам арьс нь унжсан. Миний төрөлхийн хамарнаас улам дор болсон гэсэн үг.
-Анх хагалгаанд ороход төлбөр нь хэд болсон бэ. Тэр эмнэлгээс нь нөхөн төлбөр өгсөн үү?
-Үгүй. Миний хувьд хагалгаандаа ороод эдгэрсний дараа төлбөрөө төлөх ёстой байсан. Гэтэл эдгэрч чадаагүй арав гаруй хоногийн дараа идээ гараад бөөн асуудал үүссэн. Тийм учраас төлбөр төлөөгүй. Өөр эмнэлэгт очиж өөрийнхөө мөнгөөр имплантаа авахуулсан. Надад тэр эмнэлэгт дахин очих ямар ч итгэл, зориг байгаагүй.
-Хамраа янзлуулаад хохироход эргэн тойрны хүмүүс нь яаж хүлээж авсан бэ?
-Би хагалгаанд орохоос өмнө муухай хамартай байгаагүй. Гэхдээ эмэгтэй хүний шунал гэж байна шүү дээ. Үзүүр хэсэг бага зэрэг унжуу байсан ч одоогийнх шиг биш. Гэрийнхэн өмнө нь зүгээр хүлээж авдаг байсан. Одоо эсэргүүцдэг. Чи бараг хамаргүй болох шахлаа шүү дээ гэж зэмлэдэг.
-Давтан хагалгаанд орсны дараа хамар нь ямар болсон бэ?
-Бариад үзвэл үзүүр хэсгийн нэг тал нь байхгүй. Мөгөөрс нь идэгдсэн. Зураг авахад мэдэгддэг. Яг хажуугаас нь хусаад авсан юм шиг л харагддаг.
-Идээлээд өвчин орсон арав гаруй хоногт таны биед яаж нөлөөлсөн бэ?
-Тэр үед өвдөлт бол маш их байсан. Лаа хийхгүй л бол тэсэхгүй. Тэгээд нүүрний хэсэгт болохоор хамар өвдөхөд дагаад толгой өвдөнө. Цэвэрүүлэхээр өдөр болгон нааш цааш явна. Зардал ч их гарсан. Цэвэрлэх үед эмч нар нь өвчин намдаагч хийдэггүй байсан. Ямар нэг тариа хийж, өвчин намдаалгүй шууд л хөндүүр, өвчтэй байгаа хамрыг цэвэрлэдэг байсан. Тэгээд гоо үзэмж талаасаа муухай харагдана. Өөртөө итгэлгүй болсон.
-Хагалгаанд орсон эмнэлгийнхээ талаар судалгаа хийж байгаагүй гэж үү?
-Хохирогч болчхоод гоо сайхны зөвлөгөө авдаг грүпп дээр сэтгэгдэл оруулсан. Хэд, хэдэн хүн энэ эмнэлэгт хагалгаанд ороод хохирсон. Тэр эмч дээр орсон нэлээд олон хохирогч холбогдсон. Тэр үед л мэдсэн.
-Холбогдсон хохирогч хүмүүсийн хувьд ямар хохиролтой байсан бэ? Нөхөн төлбөр ч юм уу. Засуулах хагалгаанд орсон байсан уу?
-Нөхөн олговор аваагүй. Ерөнхийдөө минийх шиг засуулах эсвэл дахин хагалгаанд орох хүмүүс байсан. Гэхдээ дахин хагалгаанд орох бол хэцүү шүү дээ. Бүх өвдөлтийг нь даваад, гоё болох гэж хагалгааны дараах өвдөлтийг шүд зуун тэсэж байхад муухай болох эрүүл мэндээрээ хохирох хэцүү. Тэр холбогдсон эмэгтэйчүүдээс зарим нь засвар хийлгэсэн. Нөхөн төлбөр авч чадсан хүн байхгүй.
-Эрүүл мэндээрээ хохирсон тэдгээр хүмүүс болон та холбогдох байгууллагад нь гомдол гаргаж үзсэн үү?
-Үзсэн. Монголд эмнэлгүүд хариуцлага хүлээдэггүй. Гоо сайхны хагалгааны үр дүн хуваалцдаг грүппд элсэж ороод жил болж байгаа. Тэгээд тэнд сэтгэгдэл бичсэн хүмүүсийг ажиглахаар өөрийн төрхөөсөө муухай болсон байдаг. Зарим эмэгтэй азаар гоё болсон харагддаг. Дийлэнх нь хохирогч л болдог юм байна лээ. Мэдээж маш их сэтгэл санааны хямралд орж, стресстэй байдаг. Тэрнээсээ болоод таргалсан. Одоо хагалгаа хийлгээгүй байсан ч болоосой гэж л их харамсаж явдаг даа.
-Одоо Монголын гоо сайхны эмнэлгүүдэд цаг олдохоо байсан байна. Судалж үзэлгүй хагалгаанд орох гэж байгаа олон охин байгаа байх. Тэдэнд хандаж зөвлөгөө өгөөч.
-Гоё болохыг хүсдэггүй эмэгтэй хүн гэж байхгүй шүү дээ. Үнэхээр хамарны хагалгаа хийлгэмээр байвал сайн судалж байгаад гадагшаа яв. Монголд ер нь дэмий гэж л хэлмээр байна. Хэзээ ч эмнэлэг нь хариуцлага хүлээдэггүй шүү. Өөрийнх нь буруу, чи гам алдсан, чи гам бариагүй, чи бараг үрэвсүүлсэн гэж ярьдаг. Хариуцлага хүлээж, уучлалт гуйж байсан эмнэлэг гэж ёстой дуулаагүй.
-Та хагалгаанд орсон эмнэлэгтээ гомдол гаргаж үзсэн үү? Яагаад хариуцлага хүлээхгүй байгаа вэ?
-ТУЗ-ын гишүүн нь ч гэлүү бас нэг таньдаг хүн байдаг. Тэр нь над руу залгаад “Постоо устгачих, эмнэлгийн нэр хүнд яваад байна. Энэ эмнэлгийг байгуулах их ажил хөдөлмөр орсон” гэж сүрдүүлэх маягтай ярьсан. Бараг постоо устгахгүй бол чамайг зөрүүлээд нэр хүндэд халдсан гэж шүүхэд өгнө гэсэн. Тэгээд би өмгөөлөгч аваад явъя гэхээр их зардал гарах юм байна лээ. Тэгээд л орхисон.