Энхтайваны гүүрийн зүүн талд Дунд гол урсдаг хэсэг газрыг “Эм энд Жи” констракшн гэх компани “Азидаа хамгийн томд тооцогдох усан парк, спорт цогцолбор барина” гэж зургаан жилийн турш хашаалсан ч одоо 25 давхар орон сууцны хороолол барьж эхэлсэн төдийгүй аль хэдийн 1m2 үнийг 2,9-3,7 сая төгрөгөөр "нууцхан" зараад эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Энэ хүрээнд ч МХЕГ, НМХГ-аас хамтарсан шалгалтын баг гарч ажиллаж буй. Мөн олон нийт ч усан паркын газарт орон сууц барих гэж байгааг эсэгүүцэж эхэлсэн. Тэгвэл дээрх мэдээлэлтэй холбоотойгоор БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ "Эм энд жи констракшн" ХХК-ны газар ашиглах эрхийг цуцлах тухай албан бичгийг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт хүргүүлжээ.
Тэрбээр тухайн албан бичигтээ, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийт 29094 мкв бүхий уг талбай нь Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т "усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно" гэж заасны дагуу усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай байгаа юм. Иймд тус газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д "усны сан бүхий газрын онцгой хагаалаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно" гэж заасны дагуу "Эм энд Жи констракшн" ХХК-д олгосон газрыг цуцлаж, хэрхэн шийдвэрлэсэн талаар дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн дотор хариу ирүүлэхийг үүрэгджээ.
Харин Б.Бат-Эрдэнэ сайдын энэхүү албан бичиг үр дүн муутай “шоу” байж магадгүй байна. Учир нь энэ хүртэл “Азид хамгийн томд тооцогдох усан парк барина” гэх газрын асуудлыг тэрээр анзаараагүй өнгөрсөн гэдэг нь эргэлзээтэй.
Харин асуудал хөндөгдөж, дуулиан дэгдэж эхэлсэн учир тэрбээр Хотын дарга Д.Сумъяабазарт албан бичиг илгээсэн болж, өөрөөсөө асуудлыг холдуулж байна хэмээн шүүмжлэх иргэд олон байна. Учир нэгэнт асуудал олны анхааралд орж, мэргэжлийн байгууллагаас нь шалгаад эхэлсэн эл асуудал, газар эзэмших эрхийг цуцлах шийдвэр Б.Бат-Эрдэнэ сайдын албан бичигтэй үгүй шийдэгдэх боломжтой асуудал юм. Тодруулбал, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1.2-д, "Нийслэлийн Засаг дарга газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон бол газар эзэмших эрхийг хүчингүй болгоно" гэж заажээ. Үүнээс үзэхэд Усан парк биш 25 давхар орон сууц барьж байгаа газрыг Д.Сумъяабазар дарга цуцлахгүй бол Б.Бат-Эрдэнэ “би бичиг явуулсан” гэж асуудлыг өөрөөсөө холдуулах гэсэн тактик байж магадгүй юм.