ЧУУЛГАН: АБГБХ-ны даргаар Т.Аюурсайханыг ТОМИЛЛОО

ЧУУЛГАН: АБГБХ-ны даргаар Т.Аюурсайханыг ТОМИЛЛОО

УИХ-ын чуулганы өнөөдөр /2019.05.23/-ийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар байнгын хорооны даргыг чөлөөлөх, Цахим бодлогын түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах төсөл болон 13 хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн юм. Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох хуулийн төслийг яаралтай хэлэлцэх саналыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт онцолсон юм.

Мөн Эрүүгийн хууль, хөөн хэлэлцэх хугацаатай холбоотойгоор хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулаад холбогдох байгууллагуудаас саналаа авч байгаа гэлээ.

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж: “Эрүүгийн хуулийг үндсээр нь оролдохгүй бол болохгүй байна. Энэ хууль өөрөө буруу хууль байсан. 2017 онд өөрчлөлт оруулаад, 2018 онд дахин өөрчлөлт оруулсан. Энэ эх захгүй зүйлийг та нар өөрсдөө хийсэн шүү дээ. Цогцоор нь засах санал оруулж ирнэ. Өөрсдөө галзуу хүн шиг юм хийчихээд, дараа нь надаас хариуцлагаа нэхэх хэрэггүй шүү. Х.Нямбаатар аа, чиний энэ тодрох гэсэн үйлдэл чинь чиний аминд ч хүрч мэднэ шүү, одоо болно” гэв.

Ингээд чуулганы хуралдаанаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргыг чөлөөлөх, өөрчлөх асуудлыг хэлэлцлээ. Тус байнгын хорооны дарга О.Содбилэгийг чөлөөлж, түүний оронд УИХ-ын Т.Аюурсайханыг томилох санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, томиллоо. 

Мөн чуулганы хуралдаанаар Цахим бодлогын түр хорооны бүрэлдэхүүнийг өөрчлилж, зарим гишүүдийг чөлөөлөв.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

УИХ-ЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛУУД

  1. Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал;
  2. Цахим бодлогын түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  3. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
  4. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
  5. Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
  6. Бага, дунд боловсролын тухай хуулийн заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/;
  7. Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;
  8. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/;
  9. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
  10. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, Н.Амарзаяа нар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  11. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар нарын 5 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  12. Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  13. Төрийн аудитын байгууллагын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  14. “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
  15. “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/.