Өнгөрсөн амралтын өдрүүдэд шатахууны үнэ өсөж, шинэ долоо хоногийн эхээр ч мөн адил дахин өссөн. Үнийн өсөлтөд дургүйцсэн иргэд нийгмийн сүлжээгээр эсэргүүцлээ илэрхийлж байна. Бид шатахууны үнийн өсөлтийн талаар мэдээлэл бэлтгэлээ.
-ДӨРӨВДҮГЭЭР САРААС ХОЙШ ШАТАХУУН 160 ТӨГРӨГӨӨР ӨСӨӨД БАЙНА-
Өчигдрийн байдлаар шатахууны үнэ 50-80 төгрөгөөр өссөн байна. Энэ нь дөрөвдүгээр сараас хойш нийтдээ шатахуун 160 төгрөгөөр өссөн үзүүлэлт болоод байгаа юм.
Тэгвэл өнгөрсөн дөрөвдүгээр сард шатахууны үнэ өсөхөд УУХҮЯ-ны Газрын тосны хэлтсээс “Дэлхийн зах зээл дээрх нефтийн үнийн өсөлттэй холбоотойгоор манай улсад шатахууны үнэ 50 биш зуу, хоёр зуу, гурван зуу төгрөгөөр нэмэх нөхцөл байдал үүсээд байна. Шатахууны үнэ дэлхийн зах зээлд өслөө гэхэд тэр дороо бусад орнуудад нэмэгдэхгүй. Учир нь манайх ОХУ-аас сар бүрийн 25-30-ны хооронд шатахуунаа импортолж авдаг бөгөөд тухайн шатахууныг ирэх сардаа нийлүүлж, үнэ ирэх сард нь нэмэгддэг. Цаашид шатахууны үнэ бага багаар нэмэгдэнэ” хэмээн мэдээлж байсан юм.
Ингээд манай сурвалжлах баг шатахуун түгээх газруудын өчигдрийн (05/21-ний 15 цаг орчмын) нөхцөл байдал үнийн дүнг танилцуулж байна.
-ПЕТРОВИС ШАТАХУУН ТҮГЭЭГҮҮРТ БЕНЗИН ХАМГИЙН ӨНДӨР БУЮУ 50-80 ТӨГРӨГӨӨР ӨССӨН-
Шатахуун хамгийн өндөр буюу 80 төгрөгөөр өссөн газар бол Петровис байлаа. Петровисын хувьд уржигдар (05/20) шатахууны үнээ нэмжээ. Шатахуун түгээгүүрийн ажилтны хэлж буйгаарАИ92 80 төгрөгөөр өсөж 1940 болсон, харин бусад шатахуунууд бүгд литр тутамд 50 төгрөгөөр өсөж ДТ-2410 төгрөг, АИ95-2230 төгрөг болсон байлаа.
Мөн МТ-ын хувьд ажилтны хэлж буйгаарөчигдөр өглөө (05/21) үнээ нэмсэн. Өнгөрсөн хоёр гурав хоногт шатахуун нэмэгдсэн учир манайхыг ч бас нэм гэж хэлсэн. Шатахуун бүр литр тутамд 60 төгрөгөөр нэмсэн хэмээн ярилаа.
Харин бусад шатахуун түгээгүүрүүдийн хувьд шатахуун одоогоор үнэ өсөөгүй байгаа аж. Гэвч тэдний ажилчдын хэлж буйгаар “Бидэнд одоогоор үнээ нэм гэж хэлээгүй учраас энэ үнээрээ борлуулж байна. Бусад газрууд үнээ нэмсэн харагдсан” гэлээ. Шатахууны үнэ хамгийн хямд газрууд нь Шунхлай АИ92 1840төгрөг, M-Oil АИ 1810 төгрөгийн ханштай байсан юм.
-НЭГ ШАТАХУУН ТҮГЭЭХ ГАЗАР БАЙЛАА Ч БАЙРШЛААСАА ХАМААРЧ ШАТАХУУНЫ ҮНЭ НЬ ӨӨР ӨӨР БАЙВ-
Мөн нэг компанийн шатахуун түгээх газар байлаа ч байршлаасаа хамаарч үнийн дүнгүүд 10-30 төгрөгийн зөрүүтэй байсан юм. Тухайлбал, хотын төвийн газрууд үнэтэй буюу 10-30 төгрөгийн илүү өртөгтэй. Харин хотын зах болон хөдөө орон нутаг руу гарах чиглэлийн шатахуун түгээх газрын үнэ хэдхэн метрийн зайтай байсан ч үнэ нь өөр өөр байлаа.