Ч.Хүрэлбаатар: Стандарт банктай холбоотой 40 сая ам.долларыг буруутай этгээдээр нь төлүүлнэ

Ч.Хүрэлбаатар: Стандарт банктай холбоотой 40 сая ам.долларыг буруутай этгээдээр нь төлүүлнэ

-ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРЭЭС ОЛОН ЗӨРЧИЛ ИЛЭРСНИЙГ ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГАД ШАЛГУУЛАХААР ШИЙДЖЭЭ-

Засгийн газраас Эрдэнэт үйлдвэрт хийсэн шалгалтын дүнг хуулийн байгууллагад шилжүүлэхээр болсон талаар өнөөдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ.

Шалгалтын явцад авлига, ашиг сонирхолын зөрчилтэй гэж үзэж болох үрэлгэн, зарлагатай асуудлууд илэрсэн хоёр хавтаст материалыг хууль, хяналтын байгууллагад шилжүүлэхээр Засгийн газраас шийджээ.

Энэ тухай Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэхдээ, “Шалгалтаар нийтдээ 39 зөрчил илэрсэн. Ашиг сонирхлын хэд хэдэн зөрчил байна. 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар хоёрхон аж ахуйн нэгж Эрдэнэт үйлдвэрээс 17.8 тэрбум төгрөгийн авлагатай байна. Хоёрхон үйлдвэртэй өндөр дүнтэй гэрээ хийсэн байгаа юм.

Компанийн аливаа гүйлгээг нэг, хоёрдугаар гарын үсгээр хийгддэг байтал гарын үсэг зурах эрхийг олон хүнд олгосон нь санхүүгийн сахилга бат алдагдсан, хяналт тавих боломжгүй болгосон. Мөн Дарханы хар төмөрлөгийн үйлдвэртэй гэрээ хийж, 103.6 тэрбум төгрөгийн урьдчилгааг авсан. Цөөн тооны ААН-тэй их хэмжээний мөнгөн дүнтэй гэрээ байгуулсан.

49 хувийг эзэмшиж байсан талд ногдол ашиг гэж 55.8 сая долларын гүйлгээг хийсэн. Ногдол ашгийг шилжүүлэхдээ татвар төлөөгүй. Эрдэнэт үйлдвэр 64.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж эмнэлэг байгуулсан ч энэ эмнэлгийг хувийн ААН рүү шилжүүлсэн зөрчил илэрсэн тул шалгуулах нь зүйтэй.

Эрдэнэт үйлдвэр зэсийн баяжмал гаргадаг, цэвэр зэс гаргадаггүй. Зэс хайлуулах зардал нь дунджаас өндөр байна гэж үзэж байгаа. Гадагшаа гаргаж байгаа зэсийн сорьцыг Гаалийн төв лабораторит хийлгэлгүй хувийн байгууллагаар тогтоолгож, татвараа төлдөг зөрчил илэрсэн. 1.4 тэрбум төгрөгийн гаалийн татварын зөрчилтэй байна.

Нийт 2300 гаруй байгууллагатай гэрээ байгуулснаас 1400 гаруй гэрээг шууд замаар байгуулсан. Үүнд туршлагагүй компаниудыг сонгон шалгаруулалт зарлахгүйгээр шууд сонсгодог зөрчил илэрсэн. Үйлдвэрийн захирал худалдан авах тушаалыг шууд гаргаж, худалдан авах ажил хийж байсан.

Үүнээс гадна стандарт банктай холбоотой 40 сая ам.долларын асуудал бий. Үүнийг буруутай этгээдээр нь төлүүлэх шийдвэр гаргасан.

2016-2019 онд 2.2 тэрбум төгөгийн хандив тусламж үзүүлснийг нөхөн төлүүлэх шаардлагатай гэж үзэж байна. 2336 худалдан авах гэрээ байгуулснаас 1300 гаруйг шууд худалдан авалт хийсэн нь Монгол Улсад мөрдөгдөж буй худалдан авахтай холбоотой хуулийг зөрчиж байжээ” гэсэн юм.