АНУ-ын залуу дуучин Селена Гомез 72 дахь удаагийн Каннын кино наадмын улаан хивсний ёслолд 68 настай жүжигчин Билл Мюррейтэй хөтлөлцөн ирсэн нь өнөөдрийг хүртэл олны анхаарлыг татсан хэвээр байна. Селена Гомез саяхан “The Dead Don’t Die” кинонд тоглохдоо уг жүжигчинтэй хамтран тоглосон бөгөөд улаан хивсний ёслолоор дотноор инээж, харилцан ярилцаж байсан нь тэднийг амрагийн холбоотой, цаашид хамтран амьдарч магадгүй гэх таамаглалыг олны дунд үлдээсэн.
Харин Селена улаан хивсний ёслол дээрх Биллтэй авхуулсан зургаа инстаграмдаа нийтлэн “Анх удаа Каннын кино наадамд оролцсон минь маш сайхан байсан. Энэ гайхамшигтай киноны нэгээхэн хэсэг болсондоо баярлаж байна. Нээрэн, Билл Мюррейтэй гэрлэх гэж байгаа” хэмээн хошигножээ. Энэ хошигнолыг нь ойлгоогүй зарим хүмүүс одоог хүртэл 27 настай түүнийг 68 настай жүжигчинтэй гэрлэх гэж байгаа хэмээн ойлгосоор явна.