МАН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж намын нэр хүндэд сэв суулгасан гэдэг үндэслэлээр УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт хариуцлага тооцох тогтоол баталсан билээ.
Уг тогтоолоор бол мань хоёр гишүүн сүүлийн таван жил МАН-аас нэр дэвших, улс төрийн дэмжлэг авах эрхгүй болж байгаа юм. Энэхүү улстөрийн хориг арга хэмжээг хоёр гишүүн эсэргүүцэж тус тусдаа мэдэгдэл хийцгээсэн.
Ялангуяа Ш.Раднаасэд гишүүн ихэд бухимдаж, намаасаа гарах өргөдлөө өгөх тухай дуулдаж байсан ч өгөөгүй. Тэрбээр Говь-Алтай аймгийг надаас салгах гэсэн арга гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн хийж байгаа ажил хэмээн илхэн зарласан.
Сүүлийн үед Д.Амарбаясгалангийн Говь-Алтай нутагт зохион байгуулж байгаа элдэв арга хэмжээ эрчимжиж байгаагаар нь Ш.Раднаасэд гишүүн хардах шалтгаантай. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Говь-Алтай аймагт ажилласан албан томилолтын багт ч тэр багтсан байв. Уг нь МАН-ын аппарат биш Монгол Улсын Ерөнхий сайдын багийн томилолт байв. Ерөнхий сайдыг дагалдаад зогсоогүй нутгийнхандаа хурдан удмын азарга тараасан. Ингэснээр 2020 оны сонгуульд Д.Амарбаясгалан бэлдэж харагдсан нь ойлгомжтой.
Харин Д.Амарбаясгалан “Намын генсекийнхээ хувьд Говь-Алтайд ажиллаж байгаа. Түүнээс биш Ш.Раднаасэд гишүүний тойргийг булаацалдсан зүйл байхгүй” гэх зүйлийг ярьсан.
Гэвч намын Хяналтын хорооны шийдвэрээр Ш.Раднаасэдийг МАН-аас нэр дэвших эрхгүй гэсэн нь Говь-Алтай аймагт 2020 онд дахин нэр дэвших боломжгүй болгож хясаж байгаатай агаар нэг зүйл. Энэ хэмжээний зүйлд МАН-ын Генсекийн эрх мэдэл, чадал хангалттай хүрэх хэмжээнийх. Өөрөөр хэлбэл, МАН-ын Хяналтын хороо нь генсекийн шууд удирдлагад байдаг. МАН-ын Хяналтын ерөнхий хорооны энэ үйлдэл нь сонгууль дөхөхийн хэрээр намынхаа залуусын дунд яс хаях ажиллагааг эхлүүлж буй мэт харагдуулсан. Тэдний шийдвэрийг МАН-ын Удирдах зөвлөл болоод УИХ дахь МАН-ыг бүлэг хүлээн зөвшөөрөөгүй нь Хяналтын ерөнхий хороо намынхаа УЗ-ийн чиглэлийн дагуу шийдвэр гаргадаггүй нь нотлогдов.
Эцэстээ намын нөхөд нь Ш.Раднаасэдээс уучлал гуйх хэмжээнд хүрч, үнсээд асуудлын галыг намжаасан сурагтай байна. Тэгээд л Ш.Раднаасэдийн өргөдлөө өгөөд намаасаа гарах гэж байгаа гэсэн шуум, дуулдаад сураг алдарсаных байж. Энэ хоёр цагтаа дөрөө харшуулан тойрогтоо хамтдаа гишүүд дэмжигчидтэйгээ уулзалт хийж явсан хүмүүс. Ийнхүү хэсэг хугацаанд бие биен рүүгээ чулуу шидэлцэж байгаад намдав бололтой.