Зам, тээврийн хөгжлийн яамны Дэд сайд Ж.Бат-Эрдэнэ гэх эрхэм ажиллаж буй. Ж.Бат-Эрдэнэ нь АН болон МАН-ын Засгийн газрын үед тус яамны Дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалыг хашиж чаддаг нэгэн.
Учир нь тэрээр УИХ-ын гишүүн асан, одоо Австралид суух элчин сайдын зөвлөхөөр ажиллаж буй Ж.Батзандангийн төрсөн ах учраас аль ч Засгийн газрын үед дүүгийнхээ нөлөөгөөр тус яаманд өндөр албан тушаал хашдаг гэж харддаг.
-“ОРОСЫН ТӨМӨР ЗАМУУД” НХН-ИЙН НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ С.А.ПАВЛОВ НАР ХУРЛЫГ ХАЯЖ ЯВЖЭЭ-
Тэгвэл сүүлийн гурав хоног /2021.10.11-13/-т ОХУ-ын Эрхүү хотод болсон Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн хуралд манай улсаас ЗТХЯ-ны Дэд сайд Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй 10 орчим хүн оролцсон байна. Тус хурлаар УБТЗ ХНН-ийн даргын томилгоо зэрэг 11 асуудлыг хэлэлцжээ.
Гурван өдөр үргэлжлэх ёстой байсан тус хурлын үеэр “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч С.А.Павлов нарын хүмүүс тус хурлыг хаяж явсан гэх мэдээлэл байна.
Учир нь манай талаас УБТЗ ХНН-ийн даргад Г.Сэрээнэндорж, н.Даваасүрэн, Ц.Хүрэлбаатар нарын гурван хүнийг дахин зүтгүүлсэн байж магадгүй. Харин Монголын талаас нэр дэвшүүлсэн дээрх хүмүүсийн зарим нь шаардлага хангахгүй гэж үзэж буйгаа ОХУ-ын тал аль эрт илэрхийлсэн гэдэг. Иймд манай тал ОХУ-аас тавьж буй төмөр замын тарифын бодлого зэргийг нь шийдэхгүй гэсэн байх талтай байгаа ажээ. Сүүлийн жилүүдэд төмөр замын асуудал дээр ОХУ-ын талтай манай Засгийн газар сайнгүй харьцаатай байгаа. Тодруулбал, Богдхан төмөр замын төсөлд Оросын компаниудыг оролцуулахгүй бол “холболтын цэг” өгөхгүй гэж тус улсын албан тушаалтан мэдэгдсэн байдаг.
-МОНГОЛООС ЗОРЧИГЧГҮЙ ХООСОН ОНГОЦ ЭРХҮҮ ХОТ РУУ НИСЭЖ, ТЭНДЭЭС 10 ОРЧИМ ХҮНИЙГ АВЧ ИРЖЭЭ-
Тэгвэл манай талаас ОХУ-ын Эрхүү хотод очсон хурлын төлөөлөгчид өчигдөр /2021.10.13/ Монгол руу нисэх гэхэд нь Оросын тал “нисэх зөвшөөрөл өгөхгүй байсан” гэх мэдээлэл байгаа юм. Энэ талаар зарим эх сурвалжид, “Зам тээврийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, 1-р орлогч бөгөөд Ерөнхий инженер И.В.Милостных-ийг хөлсөлж авсан онгоцондоо суулгахгүй хэмээн уурсаж уг онгоц Эрхүүгээс хөөрч чадахгүй хүлээгдэж байгаа ажээ” хэмээн мэдээлсэн.
Иймд бид тэдэнд ямар асуудал тохиолдсон талаар олон талын албаны эх сурвалжаас тодруулсан юм. Тодруулбал, “УБТЗ ХНН-ийн ТУЗ-ийн хуралд оролцохоор Эрхүү хотод очсон 10 орчим хүнийг авахуулахаар Аэро Монголиа компанийн саяхан шинээр авсан "A319" маркийн том онгоцыг Улаанбаатар хотоос зорчигчгүй, хоосон хөөргөсөн байна. Улмаар тус онгоц өчигдөр /2021.10.13/ орой 20:22 цагт Эрхүү хотод газарджээ. Ингээд дээрх 10 орчим хүнийг аваад 21:00 цагийн орчимд Улаанбаатар хот руу буцаад хөөрөх гэтэл ОХУ-ын талаас “нисэх зөвшөөрөл өгөхгүй” удааж, онгоц 40-50 минут хаалгаа хааж, бараг 22:00 цагийг хүргэсэн байна.
Энэ талаар зарим албаны эх сурвалж, “Тус онгоц хуралд оролцсон 10 орчим зорчигчийг аваад хөөрөх гэтэл ОХУ-ын талаас “онгоцонд гурван Орос иргэн байна. Учир нь энэ онгоцоор зөвхөн Монгол иргэд явах ёстой” гээд хөөрөх зөвшөөрөл өгөхгүй удаасан гэх албан бус мэдээлэл байна. Мөн нөгөөтэй, “цагийн буруу тооцооллоос болж хөөрөх цагаа хүртэл онгоц хүлээсэн байх талтай байна” гэсэн юм. Ямартай ч ЗТХЯ-ны дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, УБТЗ ХНН-ийн нэгдүгээр орлогч даргатай муудалцаж, Оросын тал нисэх зөвшөөрөл өгөхгүй удаасан асуудал гараагүй байна.