Төр нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү Төрийн ордонд амь насаа алдсантай холбоотойгоор дөнгөж сая УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ.
Тэрбээр:
Надтай холбоотой хоёр мэдээлэл хэвлэлийнхний гол анхааралд байна. Юуны өмнө талийгаач Г.Батхүүд тохиолдсон явдалд эмгэнэлт илэрхийлье. Энэ бол зөвхөн АН-ынханд тохиолдсон уй гашуу биш, бүгдэд нь хүнд явдал тохиолоо. 17-ны орой талийгаач Г.Батхүүтэй яг үүгээр хамт алхаад явж байсан.
Мэдээж өмнөх парламентад хамт ажиллаж байсных, адилхан авто спортоор хичээллэж байсных, хоёулаа адилхан авто спортын холбоотойнх “Дүүгийн өрөө аль вэ” гээд манайд өрөөнд орж 10-15 минут саатаад гараад явсан. Тэгэхээр хамгийн сүүлд уулзсан МАН-ын гишүүн гээд эргэлзээд хайгаад байх зүйлгүй. Сүүлд уулзсан хүмүүсийнх нь нэг бол яах аргагүй би. Талийгаачийг өрөөнөөс гарсны дараа миний бие 19:18 цагт бүлгийн хурал руу орсон. Бүлгийн хуралд ороод картаа хийхээр цаг минут нь бүртгэгдэж байдаг. Цагдаагийн байгууллага надаас гэрчийн мэдүүлэг авсан, хаана, хэзээ таарч, юу ярьснаа холбогдох цагдаагийн байгууллагад өгсөн байгаа.
Хамгийн сүүлд уулзахад жин нэлээн хассан байсан. Бид хоёр 2016 оны сонгуулиас хойш уулзаагүй. Надтай уулзахдаа сэтгэл санаа нь тайван тогтвортой байсан ч нүүрнийх нь судас нь бага зэрэг улайлттай байсан. Ах нь эмчилгээ хийлгэж байгаа гэж хэлж байсан юм. Миний өрөөнөөс гарахдаа "Ахыг нь хүн хүлээж байна" гээд яараад гарсан” хэмээн ярилаа.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ТҮШИГ