Х.Тэмүүжин: Талийгаач сүүлийн 20 минутад УИХ-ын гишүүн МАН-ын хүнтэй уулзсан нь тогтоогдсон

Х.Тэмүүжин: Талийгаач сүүлийн 20 минутад УИХ-ын гишүүн МАН-ын хүнтэй уулзсан нь тогтоогдсон

Өнөөдөр /2019.05.20/ Ардчилсан намаас Төр нийгмийн зүтгэлтэн, АН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү амь насаа алдсантай холбоотойгоор мэдээлэл хийлээ. Цагдаагийн байгууллага одоогоор гэр бүлийнхэн болоод АН-ынханд албан ёсны мэдээлэл өгөөгүй байна, ямар учир шалтгаантайг нь мэдэхгүй ч тун удахгүй үнэн бодит мэдээлэл өгнө гэж найдаж байна хэмээн тэд хэллээ.

Мэдээллийн үеэр АН-ын гишүүн С.Тэмүүжин:

ГАДНЫ НӨЛӨӨТЭЙ БАЙЖ БОЛЗОШГҮЙ БАЙНА

Төрийн ордонд 2-3 л камер байдаг бөгөөд чуулганы танхимын үүдэнд, гаднаас орж ирж буй зочдыг хянах зориулалттай байдаг. Бусад газар камер байхгүй. Үйл явдал болсон газар ямар нэгэн камерын төхөөрөмж алга байна. АН-ын зүгээс болон хуулийн байгууллагын зүгээс эргэлзээтэй зүйл байгаа нь албан ёсны ямар нэгэн мэдээлэл гаргаагүй байхад хэвлэл мэдээллийн хэрэгслээр “зүрх нь хаагдсан байна, шатнаас унасан байна” гэх мэт бодит байдалтай үл нийцэх мэдээллүүд маш хурдтай тархсан. Тархсан байдал нь учир битүүлэг үйл явдлыг яагаад өөр зүйл рүү хөтлөх болов гэдэг эргэлзээг төрүүлж байна.Одоогоор цагдаагийн байгууллага албан ёсны баримт мэдээлэл дэлгээгүй байна. Үйл явдал шатны ойр орчимд болсонгүй. Та бүхний мэддэгээр Засгийн газрын хуралдааны танхимын хажуу дахь гонх гэж хэлдэг нэг хоёр давхрын завсрын хоосон орон зайд өндрөөс унасан байдалтай олдсон. Унасан шалтгааныг мэдэхгүй ч маш их гэмтэлтэй, гэмтлийн улмаас нас барсан байна гэдэг мэдээлэл байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд гарсан шиг зүрх нь зогссон, өөр өвчтэй байсан гэх мэт юм тогтоогдоогүй.  

-Шүүх эмнэлгийн дүгнэлт хэзээ гарах вэ? Хөндлөнгийн шинжээч оруулах ар гэрийн хүсэлтээс татгалзсан гэж байсан?

-Шүүх эмнэлгийн дүгнэлт эцэслэн гараагүй байна. Нарийвчилсан шинжилгээний дүгнэлт гарахад ойролцоогоор 14-21 хоногт гардаг. Харин гадна байдлын болон задлан шинжилгээний дүгнэлт одоогоор урьдчилсан байдлаар гарч эхэлж байгаа. Гарч эхэлсэн учраас их хэмжээний гэмтэлтэй байна гэдэг нь гарч ирсэн.

-Хамгийн сүүлд С.Эрдэнэ даргын өрөөнөөс гарсан гэж байна. Үнэн үү?

-Нэр бүхий жиргээчид болон сошиал орчинд ийм ярианууд гарч байна. 15-18,20 орчим цагийн хооронд авто раллитай холбоотой Монгол, Орос, Хятадаар дамжин өнгөрөх авто уралдаанай холбоотой ажлын хэсгийн хуралдаан Төрийн ордонд болсон. 18.20 цагийн орчимд хуралдаан тарсан. Хамгийн сүүлд тэр хуралдааны танхимаас хүмүүс 18.30 цагаас гарсан байна. Мөн 18.33-.18.36 минутын хооронд АН-ын дэд дарга Дэлгэрмаа даргатай утсаар ярьсан бөгөөд Оросын талын төлөөлөгчидтэй оройн хоолонд орохоор цаг болзож ярьсан байна. Ингээд та бүгдийн сонссончлон УИХ-ын чуулганы танхимын хяналтын камерт гурван давхраар баруун тийш алхаж яваа нь 18:35 минутын цаг орчимд дүрс бичлэг бичигдсэн байна. Ингээд 19:07 цагийн орчимд нэг давхарт унасан байдалтай олдсон. 19:57 минутад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Ийм удаан хугацаанд чухам юу болсон, яагаад ийм удаан дуудлага өгөөгүй гэдэг дээр хүмүүс эргэлзэж байна лээ.

Сошиалаар сүүлийн тэр 20 минутын дотор 18.35 – 19.07 цаг хүртэл хаана, хэнтэй уулзав гэдэг дээр бүгд эрэл хайгуул хийж байгаа ч, зорилготой ч юм уу АН-ын дарга С.Эрдэнэтэй уулзсан гэх мэдээлэл яриа тархсан. Тухайн үед би хүртэл байсан яг энэ танхимд 15-18 цагийн хооронд дотоод хуралтай энд байсан. С.Эрдэнэ дарга энд байсан, ордонд байгаагүй.

Та бүхэн мөдхөн мэдэх байх. Цагдаагийн байгууллага сүүлийн 20 минутад уулзсан хүнийг тогтоосон. УИХ-ын гишүүн, МАН-ын нэг хүний нэр тодорч байгаа. Тэр хүн “Бид хоёр өрөөндөө уулзалдаад 20 минут уулзаад гарсан” гэдэг мэдээлэл өгсөн байсан. 

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.ТҮШИГ

Зураг: Талийгаачийн олдсон гонхны хэсэг