ОХУ-д саатсан “Аэро Монголиа”-ын онгоц ӨНӨӨДРӨӨС хэвийн ажиллагаанд эргэн орж байна гэж мэдэгдлээ

ОХУ-д саатсан “Аэро Монголиа”-ын онгоц ӨНӨӨДРӨӨС хэвийн ажиллагаанд эргэн орж байна гэж мэдэгдлээ

Өнгөрөгч Даваа гараг /2021.07.19/-т Улаанбаатараас Туркийн Анталья хот руу хөөрсөн “Аэро Монголиа” ХХК-ийн 139 зорчигчтой онгоц ОХУ-ын Челябинск нисэх буудалд шатахуун сумлах үеэр нь “зорчигч буулгах зориулалттай шаттай автомашин” тус онгоцны хаалгыг мөргөсөн тул нислэгээ цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон юм.

Тэгвэл “Аэро Монголиа” ХХК-ийн онгоцны техник үйлчилгээний ажил дуусаж, хэвийн үйл ажиллагаанд эргэн орж байгаа талаар мэдэгдлээ. 

Мэдэгдэлд,

"Аэромонголиа компанийн АЭРБУС-319 агаарын хөлөг ОХУ-ын Челябинск ОУНБ дээр Газрын үйл ажиллагааны байгууллагын буруугаас болж түр саатаад байсан боловч 2021 оны долдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн техник үйлчилгээний ажил дуусаж, хэвийн үйл ажиллагаанд эргэн орсныг зорчигч та бүхэндээ мэдэгдэж байна.

Техникийн засвар үйлчилгээг Европын холбооны нисэхийн аюулгүй ажиллагааны байгууллага /EASA/, Монгол улсын ИНЕГ-р зөвшөөрөгдсөн Ural Airlines хийж гүйцэтгэлээ.

Иймд БНТУ-ын Антальяа-д аялж буй зорчигчдыг долдугаар сарын 26-ны 22:00 цагаар /AYT-UBN/ Антальяа-Улаанбаатар чиглэлд нислэг хийхээр төлөвлөж байсан боловч нислэгийн цагт өөрчлөлт орж 27-ний өдрийн 12:00 (орон нутгийн цаг) цагаас Анталья ОУНБ-с хөөрөх болсныг анхаарна уу. Нислэгийн цагийн хуваарьт өөрчлөлт орж байгаа явдалд та бүхнээс хүлцэл өчиж байна" гэжээ.