УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан энэ лхагва гарагт /2019.05.15/ Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр хорих ангид ял эдэлж байсан зарим этгээдүүд ТББ байгуулах замаар уул уурхайн компаниудыг дарамталж, мөнгө авдаг асуудлыг хөндөн шүүмжиллээ.
-ШОРОНГООС ГАРСАН НӨХӨД ТББ БАЙГУУЛАХ БОЛЛОО-
Тэрээр “ТББ-уудын үйл ажиллагаанд ер нь яаж тавьдаг юм бэ. Шоронгоос гарсан нөхдүүд ТББ байгуулах тохиолдол борооны дараах мөөг шиг болсон. Эх орныхоо төлөө, газар шорооныхоо төлөө гэсэн уриатайгаар орон нутгуудад салбар нээж байна.
Тэгээд орон нутагт очиж Засаг дарга нарыг доромжилдог. Уул уурхайн компаниудыг дарамталдаг байсан газар болсон. Сүүлдээ улс төрийн намын улс төржих хэрэгсэл болсон. Сошиал дээр бичлэг хийгээд л цацчихдаг. Одоо үүнийг хянах хэрэгтэй. ХЗДХ-ийн яамнаас ял эдэлж байсан хүмүүсээ бүртгэж, мэдээлэл авдаг байдал нь хэвээрээ юу.
Энэ хүмүүс тань улс төр рүү орж ирж нөлөөлөх эрсдэл бодьтойгоор бий болчихоод байна. Жишээ ярьж болно. Энэ ТББ-ын нөхдүүдийг суманд байгаа ганц цагдаа яаж ч чадахгүй байна. Шоронгоос гарч байгаа нөхдүүдээ яаж хянаж байгааг мэдмээр байна. Хэдхэн “шантааж” хийдэг хүмүүс нийт ТББ-уудын нэр хүндийг унагаж байна” хэмээн ярьсан байдаг.
-БОСОО ХӨХ МОНГОЛД ШОРОНГИЙН НАМТАРТАЙ ХҮН БАЙХГҮЙ, БИДЭНД ГИШҮҮДИЙН ГУРВАН ҮЕИЙН НАМТАР БИЙ-
Харин энэ асуудалд Босоо хөх Монгол ТББ-аас эргүүлэн тайлбар хийн мэдээлэл өгөв. Тэд хэлэхдээ “Нэр хүнд, том суудалдаа эрдэж бусдыг гутаан доромжилж байгаа УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан гэж хүнд хандаж эсэргүүцлийн мэдэгдэл хийж байна. Босоо хөх Монгол бүлгэм үүсгэн байгуулагдаад зургаан жил болсон бөгөөд удахгүй чуулганаа хийж байна. Энэ ажлын хажуугаар биднийг гутаан доромжилж байгаад гомдолтой байна. Манай 27 мянган гишүүнийг Б.Дэлгэрсайхан яагаад доромжлох болов оо. Таны хийж байсан гэмт хэргүүдийн хажууд бидний нэр хүнд цэвэр шүү. Бид тан шиг хүнтэй тууштай тэмцэх болно. Босоо хөх Монголд шоронгийн намтартай хүн байна уу, харин ч УИХ-д олон хулгайч дээрэмчин байгаа байх шүү.
Б.Дэлгэрсайхан гэдэг гишүүний мэдэгдлийг сонсоод их цочирдлоо. Эх орныхоо төлөө зүтгэж байгаа энэ олон хүмүүсийг яагаад шоронгийн хулгайч гэж хэлж байгаа юм. Бид хуулийн дагуу шалгуулах болно” гэв.