Баян-Өлгий аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Нэг гэр бүлийн хоёр иргэн тарваганы мах идсэнээс болж дотор нь муухайрч, гүйлгэсэн байдалтай аймгийн Эрүүл мэндийн газарт өнгөрсөн ням гаригийн шөнө 00:00 цагийн үед ханджээ.
Тэд эмнэлэгт хандахдаа тарваганы мах идсэн гэдгээ хэлээгүй учраас Мэс заслын тасгийн эмчийн анхан шатны үзлэгээр ямар нэгэн хордлого, үрэвсэл байхгүйг тогтоож, Тархвар судлалын тасагт шилжүүлсэн байна. Улмаар иргэн Б, О нар нь тарваганы мах идсэнээ дурдсан байна. Анхан шатны үзлэгээр тэднийг тарваган тахал туссан болохыг нь тогтоосон гэх мэдээлэл байгаа юм.
Энэ талаар Зооноз өвчин судлалын үндэсний төвөөс тодруулахад “Тарваганы мах идсэн нэг гэр бүлийн хоёр гишүүн нь тарваган тахал тусаагүй гэсэн эмнэлзүй болон эмнэлгийн дүгнэлт гарсан. Уг сэжигтэй тохиолдлоос дээжилсэн сорьцод молекул биологи, ийлдэс судлал, хурдавчилсан тестийн шинжилгээг хийж, лабораторийн шинжилгээгээр онош үгүйсгэгдсэн учраас тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн гэсэн үг. Мөн тэдэнтэй хамт тарваганы мах идсэн гурван иргэнийг олж, нийт таван хүнийг тусгаарлан эмчилж байна. Энэ дагуу тарваганы болсон махыг олж, шинжилгээ хийж байна. Дүгнэлт 72 цагийн дараа гарна” гэлээ.
Эргэн сануулахад, өнгөрсөн тавдугаар сард Баян-Өлгий аймгийн Ногоонуур суманд Тарваган тахлын болзошгүй тохиолдол бүртгэгдэж нэг гэр бүлийн хоёр хүн нас барсан юм.